АН-ын “Монгол хүн- 2020” хөтөлбөрийн хүрээнд “Эдийн засгийн хувьсгал Чойбалсан хот” хэлэлцүүлэг энэ сарын 1-нд Чойбалсан хотод болж өнгөрлөө. Хэлэлцүүлгийг аймгийн АНын дарга Г.Болдбаатар нээж, ҮЗХ-ны гишүүн Б.Отгонбат “Шинэ Дорнод-Шинэ иргэн”, аймгийн АН-ын дэд дарга Д.Ганцогт “Сайн засаглал”, Хэрлэнсумын АН-ын дэд дарга Б.Бүжин “Манлайлал” сэдвээр илтгэл тавьсан байна. Хэрлэн сумын АН-ын дэд дарга Д.Хүрэлсүх “Ногоон Чойбалсан” хотын төлөвлөлтийг 2020 он хүртэл төлөвлөснөө танилцуулсан нь иргэдийн сонирхлыг ихэд татлаа. Өдгөөгийн Чойбалсан хот 1938 онд Баянтүмэн хот нэртэйгээр сууриа тавьж, 1941 оноос Х.Чойбалсангийн нэрээр нэрлэгдэх болсон аж.
Хэрлэн голын дагуу 20-иод км сунаж тогтсон Чойбалсан хотыг Хэрлэн голын урд хэсэгт ногоон орчин бүрдүүлж байгуулахаар шинээр төлөвлөсөн аж. Дорнод аймгийн АН-ынхны хувьд Ногоон Чойбалсан хотоо ногоон орчин бүрдүүлсэн, оюунлаг иргэдтэй, эдийн засаг, аж үйлдвэрийн чөлөөт бүс, геополитикийн ашигтай байрлал бүхий байхаар төлөвлөжээ.
Мөн Чойбалсан хотод зүүн бүсийн аялал жуулчлал, соёл, шинжлэх ухааны төв болно гэх зэрэг олон чухал санааг дэвшүүллээ.