Эрүүл мэнд, Боловсролын яам хамтран цэцэрлэг, сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг энэ сарын 1-нээс эхлүүлсэн. Үзлэгийг ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэх бөгөөд одоогийн байдлаар 69.4 хувь буюу 198 мянган хүүхэд хамруулжээ. Тэдний 26.3 хувь нь эрүүл, 24.1 хувь нь бага эрсдэлтэй, 41.2 хувь нь нэмэлт үзлэг шаардлагатай гэж гарсан байна. Харин 8.4 хувь нь өндөр эрсдэлтэй буюу нэн яаралтай тусламж, эмчилгээ шаардлагатай гэж үнэлжээ. Мөн шүдний цоорол, хараа муудах болон цэцэрлэгийн багачуудын дунд аутизмын эмгэг илэрч байгааг эмч, мэргэжилтнүүд онцолсон. Өөрөөр хэлбэл, гурван настай хүүхдийн өсөлт, хөгжлийн үнэлгээг нарийвчлан хийж, хэл яриа, хөдөлгөөн, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэн шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээнд холбож буй.
Дунд болон өндөр эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн суралцагчдыг давтан үзлэгт хамруулж, дараагийн шатлалын эмнэлэгт зуучилж байна. Тодруулбал, нэмэлт үзлэг, оношилгоо шаардлага тай хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж буй бол өндөр эрсдэлтэй сурагчдад хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт түлхүү илэрчээ. Энэ удаагийн эрт илрүүлгийг нас, хөгжлийн онцлогт нь тохируулан гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг хамруулж, өсөлт, хөгжил, хараа, биеийн ерөнхий эрүүл мэндийг үнэлж буйгаараа онцлог. Ташрамд дуулгахад, “ИМонголиа”, “ИКидс” системээр дамжуулан хүүхдийн үзлэгийн дүн, эрүүл мэндийн зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж байгаа аж.
Ч.Болор