Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаанд оролцсон 5000 иргэний 79 хувь нь өр зээлтэй, 50.3 хувь нь хадгаламжгүй хэмээсэн нь бидний санхүүгийн өнөөгийн байдлыг тодорхойлох мэт. Өнгөрсөн онд гэхэд л давхардсан тоогоор 2.4 сая хүн аппликэйшний зээл авчээ. Энэ нь нэг иргэн дунджаар 757 мянган төгрөгийн өртэй гэсэн үг. Монголчууд аппликэйшний зээлээр амин зуулгаа залгуулж байна гэхэд хол зөрөхгүй. Хоол хүнс, эм тариа зэрэг наад захын хэрэгцээгээ хангахын тулд эл зээлийг авдаг хэмээн иргэд ярьсан. Тэгвэл зээлтэй байна гэдэг бүхэлдээ санхүүгийн асуудалтай гэсэн үг биш бөгөөд юунд зарцуулж буй нь чухал болохыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зөвлөх Б.Мөнхзаяа хэлсэн юм.
Тэрбээр “Хүмүүс их орлоготой байвал санхүүгийн сайн сайхан байдлаа хангана гэж боддог. Гэхдээ энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, өдөр тутмын амьдралын зардлаа төлж чадаж байна уу, гэнэтийн санхүүгийн хэрэгцээгээ шийдэх чадвартай юу, ирээдүйн зорилгодоо нийцсэн хуримтлал үүсгэсэн үү, сурах, ажлаа солих зэрэг хүссэн зүйлээ хийхэд тань санхүүгийн нөхцөл байдал чинь саад учруулдаг уу гэдгийг бодох хэрэгтэй. Хувь хүний санхүүгийн боловсрол их чухал. Бусадтай харьцуулагдах гэдэг зүйлээс болж нэмэлт зардал гаргах нь бий. Жишээ нь, шаардлагатай үедээ үнэтэй гар утас, автомашин худалдан авах гэх мэт. Монголбанкнаас гаргасан 2020 оны судалгаанд нийт хамрагдсан хүмүүсийн 71 хувь нь зээлтэй, үүний 20 орчим хувь нь жилийн орлогоосоо давсан өртэй байсан. Иймд өрийн дарамтад орох эрсдэлтэй гэж гарсан. Гэхдээ орон байр, боловсролд зориулж авсан зээл бол сайн хөрөнгө оруулалт. Харин хэрэглээний зардалд давамгайлж байвал “муу” зээл юм. Өрийн дарамтад орсон хүн сэтгэл зүйн хувьд ч асуудалтай тулгардаг. Тиймээс хувь хүн төдийгүй байгууллагын удирдлага ажилтныхаа сэтгэл зүйд санаа тавих шаардлагатай” хэмээсэн.
Дээрх судалгааг “Оптимал эн макс” компани хоёр жилийн хугацаанд боловсруулж, саяхан үр дүнгээ танилцуулсан бөгөөд энэ сарын 13-нд мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн “Амьдралын чанарыг хамгийн дээд түвшинд байлгаж буй үйл явцыг сайн сайхан байдал гэж үзэж болно. Үүнийг олон хүчин зүйлээр хэмждэг. Хөдөлмөр эрхлэлт, орлого, эрүүл мэнд, боловсрол, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах зэрэг үзүүлэлт нь сайн сайхан байдалд нөлөөлдөг. Мөн хүнс, орчны аюулгүй байдал, хүний эрхийн асуудлыг ч цогцоор нь авч үздэг төдийгүй нэг хүнд ногдох орлогын түвшин, дундаж наслалт, эх, хүүхдийн эндэгдэл гэх мэтээр хэмждэг. Сайн сайхан байдлын онцлог нь сэтгэл зүйн үзүүлэлтийг чухалчилдаг юм. Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн төлөвлөгөөний хүрээнд үндэсний сайн сайхан байдлын индексийг тодорхойлохоор ажиллаж байна” гэж ярьжээ. Олон улсын төлөөллүүд ч санал бодлоо илэрхийлж, монголчуудын сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд “санаа зовж” суусан. Тухайлбал, Сингапурт орлого багатай иргэдэд санхүүгийн тусламж илүү их үзүүлж, хөл дээрээ босож, ажил, орлоготой болж, өөрийн хуримтлал үүсгэхэд нь анхаарч тусалдаг байна. Жишээ нь, иргэдэд бэлэн мөнгө тараахын оронд тодорхой зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгодог аж. Хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газар ашиглах гэх мэт эрхийн бичиг олгох аргыг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн гэнэ. Иргэд ирээдүйдээ зарцуулах мөнгө хадгалах зэргээр зөв зорилго тавьдаг ч бодит үйлдэл болгоход амаргүй. Иймд хүмүүст ирээдүйгээ илүү бодитоор төлөвлөхөд нь туслах нь чухал болохыг мэргэжилтнүүд зөвлөсөн. Мөн ДНБ-ий үзүүлэлт буурсан, өссөнөөс үл хамаарч иргэд сайн сайхан, эрүүл энх, аз жаргалтай амьдарч, байгаль орчин тогтвортой байх нь нэн чухлыг хэлэлцүүлэгт оролцогчид тодотгосон билээ.
Улаанбаатар хот, орон нутаг, гадаадад амьдарч буй 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй, боловсролын зэрэг цол харилцан адилгүй 5000 хүнийг түүврийн аргаар сонгон судалгаанд оролцуулсныг онцлох нь зүйтэй. Ингэхдээ хүний сэтгэл зүй, нийгэм, санхүү, бие махбод, ажил хөдөлмөр, цахим орчин, хүрээлэн буй орчин, хувийн сайн сайхан байдал гэсэн найман хүчин зүйлээр өнөөгийн амьдралын дүр зургийг тодорхойлжээ. Үүнээс монголчуудын санхүүгийн сайн сайхан байдал хамгийн ихээр анхаарал татсан. Учир нь судалгаанд оролцогчдын ердөө 13.5 хувь нь санхүүгийн сайн сайхан байдал хангагдсан гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын олонх нь санхүүгийн асуудалтай нүүр тулсан гэсэн үг. Сайн сайхан байдалд нь эдийн засаг, улс төр хамгийн их нөлөөлдөг гэж үзсэн бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал нь амьдралын наад захын хэрэгцээгээ хангах, хүрэлцээтэй орлоготой байх, санхүүгийн дарамтгүй амьдрах боломж нөхцөл хязгаарлагдмал байгааг иргэд онцолсон байна.

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛГҮЙН БАЛАГ
Тэгвэл санхүүгийн сайн сайхан байдал гэж чухам юу вэ. Хүн санхүүгээ хариуцлагатайгаар удирдаж, амьдралд тулгарах гэнэтийн эрсдэлүүдийг амжилттай даван туулахын сацуу өөрт аз жаргал авчрах сонголтуудыг хийх санхүүгийн эрх чөлөөтэй байхыг хэлнэ хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, амьдралд асуудал тулгарах, өвдөх, зовлон бэрхшээл учрахад бусдаас мөнгө царайчлахгүй, хүссэн зүйлээ худалдан авахдаа санаа зовохгүй, сурч хөгжих, сэтгэл санаагаа дээшлүүлэх сонголтын өмнө мөнгөгүйгээсээ болж бүдрэхгүй байх нь л санхүүгийн сайн сайхан байдал аж. Гэтэл монголчуудын хэд нь өр зээлдээ санаа зовохгүй, өнөө, маргаашийн идэх хоолондоо анхаарал хандуулахгүй байж чадаж байна вэ. Эдийн засгийн энэ хүрэлцээгүй байдал нь сэтгэл санаа, бие махбодийн эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлж буйг судалгаагаар нотолсон байна билээ. Тухайлбал, сарын дундаж орлогоос хамаарч оролцогчдын амьдралын сэтгэл ханамж ялгаатай гарсан байна. Орлого нэмэгдэх тусам амьдралын сэтгэл ханамж дээшилсэн дүр зураг харагдаж буй.
Судалгаанд оролцогчдоос нэг сая төгрөг хүрэхгүй цалин авдаг иргэдийн 10, 4 000 000-аас дээш орлоготой хүмүүсийн 23.4 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун хэмээн хариулсан байна. Гэхдээ өөр нэг сонирхолтой баримт нь монголчуудын сайн сайхан байдлын талаарх ойлголт мөнгөнөөс “хол” байв. Тодруулбал, судалгаанд хамрагдсан иргэдийн 46 хувь нь эрүүл байх нь сайн сайхны байдлын нэн тэргүүний асуудал гэсэн бол 41 хувь нь сэтгэл зүй, 25 хувь нь нийгэм, эдийн засгийн байдлыг нэрлэжээ. Харин санхүү чухал гэж хариулсан нь оролцогчдын ердөө 7.4 хувийг эзэлж байв. Энэ нь бид санхүүгийн асуудлаа чухалчилдаггүй хэрнээ халаас хоосон байх нь амьдралыг “уйтгартай” болгодог гэсэнтэй нэг л авцалдахгүй байх шиг.
Бие махбод, сэтгэл зүйн хувьд эрүүл тайван, амгалан байх нь амьдралын сайн сайхан байдал хэмээх тодохойлолт нийтлэг байгаа нь монголчууд эдийн шуналгүй, эсвэл санхүүгийн боловсролгүй гэх хоёр туйл руу хөтлөх мэт. Гэхдээ монголчуудын сайн сайхан байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг бол эдийн засаг хэмээн 38 хувь нь дуу нэгтэй хариулсан байна билээ. Нэг ёсондоо бие махбод, сэтгэл санаа эрүүл байх нь амьдралын сайн сайхан байдлыг тодорхойлж болох ч эдийн засгийн таагүй байдал үүнд ихээхэн саад тодгор учруулж байна гэж дүгнэсэн гэсэн үг. Хөдөлмөр эрхлэлт, орлого, хадгаламж, өр зээл зэрэг санхүүтэй холбоотой үзүүлэлт нь хүний сэтгэл зүй, бие махбодод чухал нөлөөтэй байгааг судалгаагаар илүү тодруулжээ. Эргэх хүрд мэт энэ бүхэн нь хоорондоо хамааралтай бөгөөд аль нэг хүчин зүйл нь сайжрахад нь бусад сайн сайхан байдал нь мөн нэмэгддэг байна. Иймд монголчуудын сайн сайхан байдлыг эдийн засаг, эрүүл мэндийн үзүүлэлтээр хязгаарлахгүйгээр амьдралын олон талт нөхцөл, хүчин зүйлтэй уялдуулан, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон холбогдох эрх бүхий байгууллагад иргэдийн сайн сайн байдлыг дэмжих арга хэмжээ, бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход шаардлагатай мэдээллийн үндэс болсон хэмээн судалгааг гаргасан “Оптимал эн макс” компанийнхан хэлсэн юм.
ҮНИЙН ӨСӨЛТӨӨС “ӨНДИЙХГҮЙ” НЬ
Монголчуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 792 000 төгрөг буюу 220 ам.доллартай тэнцэж буй. Үүнийг 1 000 000 төгрөг болгон шинэчлэн тогтоож, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн билээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсвөл иргэдийн амьжиргааг бодитоор дэмжиж чадахгүйг эдийн засагчид хэлж буй. Тухайлбал, эдийн засагч Р.Шинэгэрэл “Монголчуудын хувьд цалин нэмэгдэж байгаа ч худалдан авах чадвар нь үнийн өсөлтөд дарамтлуулж байна. Тухайлбал, 2026 оны наймдугаар сард инфляц 12.5 хувь, хүнсний үнийн өсөлт 21.5 хувьтай байсан. Иргэдийн амьдрал сайжирч буй, эсэхийг цалин хэдэн төгрөг болсон гэдгээр биш, тэр мөнгөөр юу худалдан авч, өр зээлээ төлөөд хэдийг хуримтлуулж чадаж байгаагаар хэмжих ёстой. Тиймээс бодит орлогыг нэмэгдүүлэхэд инфляцыг бууруулах, бүтээмж өндөртэй ажлын байрыг олшруулах, хөдөлмөрийн орлогод ногдох татварын ачааллыг багасгах нь чухал. Үнэ өсөж, худалдан авах чадвар буурч буй үед санхүүгийн сахилга бат бүр ч чухал. Орлогоо зөв хуваарилах, шаардлагагүй зардлаа танах, өндөр хүүтэй зээлээс зайлсхийх, бага ч гэсэн тогтмол хуримтлал үүсгэх нь санхүүгийн дарамтыг бууруулна. Гэхдээ санхүүгийн сахилга бат дангаараа бага орлого, өндөр инфляцын асуудлыг шийдэхгүй. Төр инфляцыг тогтворжуулж, иргэдийн бодит орлого өсөх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Харин хувь хүн олсон орлогоо ухаалгаар удирдаж, санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Санхүүгийн эрх чөлөө өндөр орлогоос гадна зөв дадал, сахилга батаас эхэлдэг” гэв.
Мэдээж санхүүгийн орлого нэмэгдэх тусам санхүүгийн сайн сайхан байдал тогтмол өсдгийг “Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа”-нд дурдсан байна. Монгол хүний дундаж цалин өнгөрсөн онд 2.6 сая төгрөгт хүрснийг Үндэсний стастистикийн хорооноос мэдээлсэн. Гэтэл судалгаанд оролцогчдын 48 хувь нь сард хоёр сая төгрөгөөс доош орлоготой гэжээ. Нэрлэсэн дундаж цалин нь 2.6 сая төгрөг болохоос нэдэр дээрээ ийм хэмжээний мөнгийг гар дээрээ авдаг нь цөөн. Өөрөөр хэлбэл, цалин нэмээд ч “цааш хийх” мөнгө үлдэх, эсэх нь эргэлзээтэй.
Дээрх судалгаанаас халагламаар нэг үзүүлэлт нь ажил эрхэлдэг, эсэхээс үл хамаарч иргэдийн санхүүгийн сайн сайхан байдал “сул” байв. Өөрөөр хэлбэл, ажил эрхэлдэггүй, оюутан, хүүхдээ харж буй ээж, малчин, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажилтан, хувиараа бизнес эрхлэгч гээд аль ч салбарт ажилладаг бай санхүүгийн сайн сайхан байдал хангагдаагүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байх юм. 60-70 хувь нь ингэж хариулсан нь ажиллаад ажиллаад амьдрал нь ахихгүй, санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй буйн бодит жишээ юм. Цалинтай тулдаа л өртэй байна гэж ярих иргэдийн үг оргүй хоосон биш бололтой.
“Нийгэм, санхүүгийн байдал сэтгэл санаа, стресс, эрүүл мэнд гээд их зүйлд нөлөөлж байгаагаас л нийтээрээ бухимдалтай харагддаг. Дунджаас дээш цалинтай, ганц бие хүмүүс л өөрсдөдөө цаг гаргаж, хөгжүүлж, сэтгэцийн эрүүл мэндээ тогтвортой байлгаж чадаж байх шиг” гэж 18 настай эмэгтэй ярьсан бол өөр нэг иргэн “Монголчуудын амьдралын чанар маш муу байна. Ялангуяа дундаж давхарга буюу жирийн ажилчин иргэдийн хувьд байдал улам дордлоо. Улаанбаатар хотод орчны бохирдол, түгжрэл, утаа, тоосжилт зэрэг нь иргэдийг туйлдуулж байна” хэмээжээ.