Жишээ:1
Монголчуудын аяллын гол маршрутуудын нэг болсон Хятадын Хайнань арал дахь үнэтэй, тансаг зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазуудын ирэх оны нэг, хоёрдугаар сарын захиалга түрүүчээсээ дүүрч эхэлжээ. Учир нь тус улсын дунд сургуулиудын өвлийн амралт болон хаврын баяр угтсан их хөл хөдөлгөөн, идэвхтэй аялал зугаалгын мөчлөг энэ үед давхацдаг тул Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг томоохон хотоос гадна Хайнань, Юньнань зэрэг дулаан уур амьсгалтай амралтын бүсийг зоригсдын цуваа эрс нэмэгддэг аж. Үүнийг дагаад аялал жуулчлал, зочлох үйлчилгээний үнэ оргилдоо хүрч, буудал, амралтын газруудад сул өрөө олдохгүй шахам болдог тул өмнөд хөршийн иргэд эртнээс аль гайгүй тав тухтай, үнэтэй баазуудад захиалгаа баталгаажуулаад, дүүргэчихдэг гэнэ. Өнгөрсөн оны баярын өдрүүдэд гэхэд Хятадын хүн амын тал орчим буюу 700-800 сая жуулчин дотооддоо аялжээ. Олон улсын жуулчлалд нөлөө бүхий байр суурь эзэлдэг, аялалд хамгийн их мөнгө зарцуулдгаараа алдартай өмнөд хөршийн иргэд эх орондоо ч ийнхүү хөрөнгө оруулж, дотоодын зах зээлээ тэтгэдэг ажээ.
Жишээ:2
Японы аялал жуулчлалын нийт орлогын 50 хүртэлх хувийг дотоодын иргэд нь бүрдүүлдэг гэнэ. Тиймээс япончуудыг хамгийн “аминч”, бас “тооцоотой” аялагчид гэж хошигнодог юм байна. Их наран улсын иргэд жил бүрийн хавар сакура цэцэглэх үеэр болон үндэсний баяр ёслолын өдрүүдэд онцгой хөл хөдөлгөөнд ордог. “Шинкансэн” буюу хурдан галт тэрэгний сүлжээ Японд маш сайн хөгжсөн учраас иргэд нь түүртэх зүйлгүйгээр муж, хот хооронд хямд зардлаар чөлөөтэй зорчиж, халуун рашаан, уламжлалт сүм хийдүүдээр аялдаг аж. Поп соёл, анимэ, худалдааны, түүх соёлын, рашаан сувиллын, байгалийн гээд хамгийн олон аяллыг төрөлжүүлэн хөгжүүлснээрээ бүс нутагтаа төдийгүй дэлхийд томоохон зах зээлд тооцогддог тус орны иргэд дотоодын жуулчлалаа ийн дэмждэг байна. Япон Улс 2025 онд түүхэндээ хамгийн олон буюу 42.7 сая жуулчин хүлээн авснаар Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг аялал жуулчлалын хөгжлийн индексээр олон улсад тэргүүлжээ.
Дэлхийн улс орнууд аялал жуулчлалыг ингэж хүртээмжтэйгээр хөгжүүлж, дотоодын зах зээлээ хамгаалдаг аж. Хятад, япончууд л эх орондоо элэгтэй дээ, гадагшаа валют урсгахгүй гэсэндээ харийн оронруу зорчих хүслээ “дарж хориод”, дотооддоо аялаад байгаа юм биш, улс нь тэдэнд зориулж таатай орчин нөхцөл, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон учраас иргэд нь ийм сонголтыг илүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, тэдний хэрэгцээнд нийцсэн таатай бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог гэсэн үг. Харин манай улс нэг сая жуулчин хүлээж авах төлөвлөгөө, зорилттой таг “сохор”- оор олон жил хөөцөлдсөн учраас гадаад, дотоод зах зээлээс аль алинаас нь дорвитой ашиг орлого олсон зүйлгүй, утаагүй үйлдвэрлэлийн салбараа улирлын хамааралгүй болгож ч хүчрэхгүй өдий хүрлээ. Тиймээс гадаадын төдийгүй дотоодын жуулчид ч Монголын өвлөөс дайждаг болоод байна.
Өвлийн улиралд гадаад орныг зорих монголчуудын урсгал сүүлийн жилүүдэд эрсн эмэгдлээ. Үндэсний статистикийн хороо болон Монголбанкны судалгаанд дурдсанаар гадаад руу аялах манай улсын иргэдийн тоо 2023 оноос огцом өссөөр өнгөрсөн жил түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Тодруулбал, 2023-2024 оны өвөл давхардсан тоогоор 556.8 мянган хүн аяллын зорилгоор гадаадад зорчсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээсээ 32.4 хувиар өссөн, улсын нийт хүн амын гуравны нэг орчимтой дүйцэх үзүүлэлт байж. Тэгвэл эл үзүүлэлт 2024-2025 оны өвөл 699.5 мянгад хүрч 25.6, үүний дараа жил нь781.4 мянга болж, 11.7 хувиар өсжээ. Энэ хэдхэн тоо л монголчууд хэр идэвхтэй аялдаг болохыг харуулж байна.
Манай улсын иргэд 2020 оноос өмнөх үед Шинэ жил, Цагаан сар, наадам зэрэг баяр ёслолын амралтаа голдуу гадаад руу аялдаг байсан бол сүүлийн жилүүдэд Улаанбаатарын утаа, түгжрэл, их хүйтнээс халширсандаа сурагчдын амралтыг тааруулан, илүү урт хугацаагаар аялах болжээ. Зүүн өмнөд Азийн орнууд руу сүүлийн 20-иод жил аялал зохион байгуулж буй нэгэн компанийн менежер бүсгүй “Монголчуудын аялах хэв маяг эрс өөрчлөгдсөн. Тэд маш сайн төлөвлөдө гболсон. Бүтэн жилийн турш өвлийн аяллаа судалж төлөвлөн, жин тан болгочхоод, намар найм, есдүгээр сараас захиалгуудаа баталгаажуулж байна. Агаарын тээврийн компаниудч үүнийг мэдрээд, тийз захиалах, суудал баталгаажуулах хугацааг урагшлуулаад буй. Манайхны хамгийн идэвхтэй аялдаг үень 12-2 дугаар сар. Сургуулийн амралт, Шинэ жилийн баярын үеийг тохиолдуулан ид хүйтнээр дулаан орныг зорьдог гэр бүл, найз нөхдийн бүлэг аялал тренд боллоо. Үүнээс гадна бага насны хүүхэдтэй гэр бүлүүд, ээжүүд хувиара вилла түрээсэлж, 1-3 сараар гадаадад амьдрах нь түгээмэл. Монголчууд аяллыг тансаглал биш, төлөвлөж л чадвал хүн бүхэнд ойр боломж гэж харж эхэлсэн нь сайшаалтай. Хэдхэн жилийн өмнө манай иргэд туроператор компанийн 7-10 хоногийн хөтөлбөртэй голдуу аяллаар л гадаадруу явдаг байсан болодоо өөрсдөө төлөвлөж, цаг хугацаа, маршрутад баригдахгүй хүссэн газарлуугаа зорчихыг эрмэлзэх болж” гэсэн юм.
Монголчууд голчлон Тайланд, Вьетнам, Малайз, Сингапур, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг нэг бүс нутгийн, шууд нислэгтэй, визийн таатай нөхцөлтэй орнууд руу аялж байна. Тэр дундаа Зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын гол цэг болсон Тайланд, Вьетнам, хөрш зэргэлдээ Хятад улсын халуун дулаан бүс нутгууд, таатай цаг агаартай арлууд руу аялах нь нэн түгээмэл. Ямар сайн даал Вьетнамын Фүкүок, Тайландын Пукетарлыг “Монголын 22, 23 дахь аймаг” гэж хошигнож байх вэ. Хятадын Хайкоу, Саньяа хот, Хайнань арал ч өвлийн улиралд монголчуудаар дүүрдэг гэнэ лээ. Тийм ч учраас Хайнань аралд монгол аялагчдыг хариуцсан товчоо хүртэл байгуулаад буй. Монголын тур оператор компаниуд манай улсын иргэдийн “жим” гарсан эдгээр улсад аяллын шинэчиглэл, сонин содон маршрут бий болгохын төлөө өрсөлдөцгөөж байна. Өнөө жил гэхэд Вьетнамын Муйне, Тайландын Хуахин жагсаалта дшинээр орж иржээ.
Манай улсын иргэдийн гадаад руу зорчих сонирхол нэмэгдэж, аялал зарцуулах хугацаа уртсахын хэрээр гадагшаа чиглэсэн валютын урсгал ч үлэмж өссөөр. Статистикийн байгууллагын тайланд дурдсанаар гадаадад хувийн болон аяллын зорилгоор зорчиж буй нэг монгол жуулчин 7-14 хоногт 1600-2300 ам.доллар буюу ойролцоогоор 5.5-7.9 сая төгрөгийг зөвхөн үйлчилгээ, байр, хоол, шоппинг хийхэд зарцуулдаг гэнэ. Хамгийн анхаарал татсан үзүүлэлт нь монголчууд гадаадын жуулчдын манай улсад оруулж буй орлогоос 2-3 дахин их мөнгийг өөр улс орны зах зээлд шингээх болжээ. Үүнээс шалтгаалж гадагшаа чиглэсэн өвлийн жуулчлалын ид үед Монгол Улсын төлбөрийн тэнцэл тогтмол алдагдалтай гарч буй бөгөөд аяллын зардал нь нийт үйлчилгээ нийт төлбөрийн 30-40 хувийг дангаараа бүрдүүлэх болжээ.
Төвбанкны Ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэн өнгөрсөн оны вөл “Монгол Улс аялал жуулчлалаас 500-600 сая ам.долларын орлогоо олж буй ч монголчууд гадаадруу аялахдаа 1.5 тэрбумам.доллароос давсан мөнгө зарцуулж байна. Үүнээс үүдээд жил бүрийн өдийд (хоёрдугаар сард) “ногоон”-ы эрэлт нэмэгдэж, ханш нь зохиомлоор өсөн, валютын нөөцөд сөргөөр нөлөөлдөг боллоо” хэмээн ярьснаар олон нийтийн шүүмжлэлд өртөж байв.
Мөнгөний бодлогыг зангидаж буй Төвбанкны удирдлагаас асуудлын шийдлийг хайхаас илүүтэй иргэдээ буруутгасан нь хоржоонтой мэт боловч үүний цаана манай улсын аялал жуулчлалын хоёр өөр урсгал, зах зээлийн хоорондоо эрс ялгаатай үзүүлэлт бий нь үнэн юм.
Манай улсын бодлого, шийдвэр гаргагчид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль, цаг уурын онцлогт тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг тренд болгоно гэж олон жил ярьсан ч бодит байдалд ийм л байна. Монголчууд өвлийн аяллыг дотооддоо хөгжүүлж чадаагүй ч энэ үеийг бусад орны зах зээлийг валютаар тэтгэдэг“их нүүдэл”-ийн улирал болгож чаджээ. Үүнд иргэдийг буруутгах аргагүй. Боломж нь байвал хэн ч аятай тухтай газарт аялж, амрахыг бодно. Харин жинхэнэ буруутан нь аялал жуулчлалыг хүртээмжтэйгээр хөгжүүлж, зах зээлээ хамгаалж чадаагүй төр засаг, тэр дундаа энэ салбарын бодлогыг тодорхойлж буй хүмүүс юм.
Н.Мишээл