Амаржих газрууд хөгжлийн бэрхшээлтэй эхчүүдэд хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байдал, Монголд
-Манай Засгийн газар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна-
Үрг элжлэл. Түрүүч нь №191 (8495) дугаарт
Сенегал улсын иргэн Кумба Ндиайе нь багадаа полиомиелит буюу саа өвчин туссаны улмаас тулгуур эрхтний бэрхшээлтэй болсон нэгэн. Тэрбээр жирэмсэн байхдаа төрөхийн тусламж авахын тулд дөрвөн ч эмнэлэгт хандсан байдаг. Гэвч бүгд хөгжлийн бэрхшээл нь хүндрэл учруулна гэсэн шалтгаанаар тусламж үзүүлэхээс татгалзжээ.
Эцэст нь тав дахь эмнэлэгтээ очсоноор амаржсан байдаг. Эхэндээ эх баригч түүнд анхан шатны үзлэг ч хийгээгүй мөртлөө шууд кесарево хагалгаа санал болгосон байна. Харин өөр нэг ажилтан нь түүнд тусалснаар жам ёсоороо хүндрэл, бэрхшээлгүй нярайлсан аж. Гэсэн ч Кумба Ндиайег төрсний дараах тасагт шилжүүлэх үеэр сувилагч түүнийг орноос нь буухад туслаагүйн улмаас унаж, их хэмжээний цус алджээ. Улмаар ухаан алдаж, хоёр хоногийн дараа сэхээн амьдруулах тасагт сэрсэн гэдэг. Ийм явдал болчхоод байхад хүртэл тухайн эмнэлгийн ахлах эх баригч түүнд дахин хүүхэд төрүүлж болохгүй хэмээн сануулсныг ДЭМБ-ын 2022 оны тайлангийн нийтлэлд өгүүлжээ.
Кумба Ндиайе энэ бүхний эцэст хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүд, ялангуяа эхчүүдийн эрхийг хамгаалах, тэдний төлөө дуу хоолойгоо хүргэхээр шийдэж, өнгөрсөн хугацаанд идэвхтэй тэмцэж ирснээрээ бэлгэ тэмдэг болжээ. Түүний түүх нь хөгжлийн бэрхшээлийг гол шалтгаан болгож, жирэмсэн эмэгтэйд эх барихын тусламж үзүүлэхээс татгалзсан, зохих журмын дагуу үзлэг, шинжилгээ хийгээгүй, хэрэгцээг нь үнэлээгүй мөртлөө хагалгаанд оруулах шийдвэрийг яаран гаргаж, ялгаварлан гадуурхсан, төрсний дараах аюулгүй байдлыг нь хангаагүйгээс эрүүл мэндээрээ хохирсон, мөн амаржих үеийн айдастай болгож, эрхэд нь ноцтойгоор халдан, дахин хүүхэд төрүүлэхийг “хориглосон” явдал нь хүн ёсны, хүний эрхийн дэндүү харгис жишээ болон яригдсаар байна.
Монголд ч ялгаагүй, хөгжлийн бэрхшээлтэй бүү хэл, жирийн эмэгтэйчүүд хүртэл төрөхийн тусламж, үйлчилгээ авахдаа хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртсөөр ирснийг НҮБ-ын Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн асуудал эрхэлсэн тусгай илтгэгч Рем Алсалем анх хөндсөн билээ. Тэрбээр 2021 оны эцсээр манай улсад хийсэн албан айлчлалынхаа үеэр эл асуудлыг олон нийтийн анхааралд хүргэж байлаа. Системийн эл доголдол одоо ч бүрмөсөн арилаагүй. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд амаржихдаа үүнээс ч илүүтэй энэлж шаналан, санаа зовж, сандарч балмагдан, орчны саадтай нүүр тулсаар ирэв. Үүнийг “Энгийн эмэгтэйчүүд хүртэл төрөх үеийн хүчирхийлэлд өртсөөр байхад хөгжлийн бэрхшээлтэй эхчүүд ойлгомжтой биз дээ” хэмээн байдаг л зүйл мэт хүлээн авч, үл тоож, хайхрахгүй өнгөрүүлж болохгүй гэсэн үг. Тиймдээ ч олон улсын байгууллагууд манайд энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх тусламж, үйлчилгээ болон амаржих явцад тулгардаг бодит асуудлуудыг шийдвэрлэх санал, зөвлөмж, зөвлөгөөгөө харамгүй өгсөөр ирсэн юм.
ТЭД НЭМЭЛТ ТАВ ТУХ ОГТХОН Ч НЭХЭЖ ШААРДААГҮЙ
Манай сонин 2026 оны аравдугаар сарын 14-ний ¹191 (8495) дугаартаа нийтэлсэн “Төрөх эмнэлэгт түгжигдсэн эрх” бүтээлдээ хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн, тэр дундаа эх барихын тусламж, үйлчилгээ авах эрхийн зөрчил, холбогдох кейсүүд, амаржих газруудын орчин нөхцөл, тоног төхөөрөмж, үйлчилгээний хүртээмжгүй байдал болон төрсний дараах асаргаа, сувилгаа хангалтгүй байгааг, мөн хүүхдийг нь хүртэл хүний тооноос “хасаж”, бодлогын гадна орхигдуулсныг хөндсөн билээ. Ингэхдээ Хүний эрхийн үндэсний комиссын баримт, судалгаа, илтгэл, төрөхийн тусламж, үйлчилгээний стандартыг олон улсынхтай харьцуулан, эхчүүдэд тулгардаг саад тотгор, амаржих явцдаа бие махбодын болон сэтгэл зүйн ямар хохирол амсдагийг хүргэсэн юм.
Тэгвэл энэ удаад тусгай хэрэгцээт ээжүүд эмнэлгийн үүдээр ороод төрөхийн орон дээр гарах хүртэл, цаашлаад амаржсаны дараах асаргаа, ариун цэврийн өрөө ашиглах, эмчтэй ойлголцох, хүүхдээ асрах зэрэг хүртээмжгүй үйлчилгээний золиос хэрхэн болж буйг хөндөхийг зорилоо. Төрөх эмнэлгийн үүдээр орсон эмэгтэйчүүд бүр л аюулгүй амаржиж, шаардлагатай тусламж, үйлчилгээгээ авч, хүүхдээ асрахад бэлтгэгдээд тэндээс гарах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй эхчүүдийн хувьд энэ зам зөвхөн эмнэлгийн тусламж авах тухай ойлголт биш юм. Барилгын налуу зам, цахилгаан шат, төрөх ор, ариун цэврийн өрөө, эмчтэй харилцах боломж, төрсний дараах асаргаа гээд алхам бүрд хүртээмжийн асуудал тулгарсаар байгаа учраас тэр. Үүдэндээ налуу зам, хонгилдоо ганц бариул хийснээр нь тухайн амаржих газрыг орчны хүртээмжээ сайжруулсан гэж дүгнэх нь өрөөсгөл. Яагаад гэвэл төрөх эмнэлгүүд одоо болтол хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдэд зориулсан тасаг нэгжгүй, тусгай оргүй, хөтөч хавтан, зориулалтын ариун цэврийн өрөөгүй хэвээр байна.
Тэргэнцэртэй эх төрөхийн орон дээр гарах хэрэгсэлгүй, амаржсаныхаа дараа ариун цэврийн өрөөг бие даан ашиглах боломжгүй, сонсголгүй ээж адаглаад хүүхдийнхээ уйлахыг хэрхэн мэдэх, харааны бэрхшээлтэй нь ч нярайгаа яаж аюулгүй асрах тухай ойлголтгүй, энэ талаарх дадлага, зааварчилгаа, орчин нөхцөл бүрдээгүй байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй эхчүүд нэмэлт тав тух огтхон ч нэхэж шаардаагүй. Тэд бусдын л адил ялгаварлан гадуурхагдахгүйгээр, элдэв дарамт, айдас дунд бус, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхээ хүндрэл бэрхшээлгүй эдлэхийг л хүсэж буй. Гэтэл манай амаржих газрууд тэдний энэ мэт наад захын хэрэгцээг хангаж чадахгүй, ийм орчин бүрдүүлээгүй өдий хүрсэн нь харамсалтай.
АНУ-ын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн холбоо (ACOG)-ныхон 2025 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж хэрхэн үзүүлэх талаар зөвлөмж гаргасан байдаг. Үүнд эмнэлгийн хүртээмжийг дараах байдлаар авч үзжээ. Хүрэлцэхүйн хүртээмжийг хангасан үйлчилгээний зохион байгуулалт, мэдээлэл авах боломж буюу зориулалтын суултуур, өндрөө тохируулдаг үзлэгийн ор, шилжүүлэн суулгах, хэвтүүлэх тусламж, эмнэлгийн ажилтны сургалт, сонсгол, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан харилцаа, хандлагыг сайжруулахыг зөвлөсөн байна. Сонсголгүй эх эмчийн зааврыг ойлгохгүй, харааны бэрхшээлтэй ээж өрөөний зохион байгуулалт, хаалга, тасалгааны хаяг, тэмдэглэгээг мэдэхгүй, хэл ярианы бэрхшээлтэй бол өвдөлт, биеийн зовуурь, хүүхдийнхээ наад захын хэрэгцээг ч эмнэлгийн ажилтанд ойлгуулж чаддаггүй тул энэ бүгдийг хангасан тусгай арга, хэрэгсэл ашиглахыг уриалжээ. Ингэхдээ брайл үсгийн хэрэглээг нэвтрүүлэх, дохионы хэлмэрч ажиллуулах, бусад хялбар арга ашиглах зэргээр асуудлыг шийдэх гарц хүртэл санал болгосон аж.
Мөн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооноос 2024 онд гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй хүргэх талаарх гарын авлагад эмнэлгийн орц, гарц, ариун цэврийн өрөө зэрэг физик орчноос гадна мэдээлэл, харилцааны саадыг арилгах нь чухал болохыг онцолжээ. Тиймээс тэднийг ч бас эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд оролцуулахыг зөвлөсөн байна.
Олон улсад
ТӨРӨХИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖГҮЙ БАЙДЛЫГ ХҮЧТЭЙ ШҮҮМЖЛЭВ
НҮБ-ын Хүн амын сангийнхан манай иргэний нийгмийн байгууллагууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтран төрөх эмнэлгүүдийн бодит нөхцөл байдалд дараах дүгнэлтийг хийжээ. Тухайлбал, амаржих газруудад тэргэнцэртэй эхчүүд суугаад үзүүлэх, хэвтэх зориулалтын, үзлэгийн тусгай оргүй байгаа нь төрөх үеийн тусламжийг стандарт бус үзүүлэх шалтгаан болохоос гадна энэ нь эхчүүдэд ихээхэн хүндрэл үүсгэж буйг тодотгож. Мөн эмнэлгийн эмч, ажилтнууд тусгай хэрэгцээт эмэгтэйчүүдийг “хүүхэд төрүүлэх чадваргүй, эрхгүй” мэтээр ялгаварлан гадуурхаж, амаржихаар очиход нь үг хэлээр доромжлох, дарамтлах, бие махбодод нь халдах зэрэг харилцааны зүй бус алдаа гаргах явдал түгээмэл байгааг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны шахалт ба Монгол Улсын хариу арга хэмжээ” судалгаанд өгүүлжээ. Уг тайланг Женевийн хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр олон улсын шинжээчид хөгжлийн бэрхшээлтэй эхчүүдийн төрөх үеийн үйлчилгээний хүртээмжгүй байдлыг хүчтэй шүүмжилсэн байна. Үүний хариуд манай Засгийн газар төрөх эмнэлэг бүрд адаглаад зориулалтын ор байршуулах амлалт өгчээ.
НҮБ-ын тусгай илтгэгч Рим Алсалем ч дээрх хорооны хуралдаанаар, Монголд ажиллах явцдаа олж мэдсэн туршлага, жишээн дээрээ үндэслээд хөгжлийн бэрхшээлтэй эхчүүд хэрхэн давхар ялгаварлан гадуурхалт (double discrimination)-д өртдөгийг цохон тэмдэглэжээ. Тэрбээр “Эмнэлгийн орчин, дэд бүтэц болон төрөх үеийн тусламж нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хэрэгцээнд огт нийцээгүй, ээлгүй байдгаас шалтгаалж амаржих явцдаа бие махбод болон сэтгэл зүйн хувьд маш их хохирол амсдаг” талаар хөндсөн байна. Мөн тус байгууллагын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо (CEDAW)-ноос Монголын Засгийн газарт өгсөн зөвлөмжид “Төрөх эмнэлгийн эмч, эх баригч, сувилагч нарт хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэйчүүдтэй хэрхэн хүнлэг, ёс зүйтэй харилцахыг, тэдний биеийн онцлогт тохирсон, амаржих үеийн тусламж, үйлчилгээг ямар ч ялгаварлалгүйгээр үзүүлэх тусгай сургалтууд тогтмол явуулах”-ыг дурджээ.
Харамсалтай нь, манай төр засгийнхан ДЭМБ, НҮБ зэрэг байгууллагад өгсөн үүрэг, амлалтуудаа өнгөрсөн хугацаанд төдийлөн биелүүлээгүй байна. Дээр дурдсанчлан амаржих газруудын нэг нь ч тусгай хэрэгцээт оргүй, ариун цэврийн өрөөнүүд нь саяхнаас бидэ суултууртай болсон гэх ч хөгжлийн бэрхшээлтэй эхчүүдэд зориулсан жорлонтой эмнэлэг байхгүй нь төрийн эрх баригчдыг олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж хэлэх үндэслэл болж буй юм. Манай улс тус байгууллагуудын гишүүн орон. Мөн олон улсын хүний эрхийн холбогдох баримт бичиг, гэрээ, конвенцод нэгдэн орсон атлаа үүрэг, хариуцлагаа ухамсарладаггүй нь ичгэвтэр.
Өнгөц харвал төрөх эмнэлгүүдийн хөтөч хавтан, налуу зам, тусгай ор, ариун цэврийн өрөөг сайжруулах тухай боловч тогтолцооны хувьд эх барихын тусламжийг төлөвлөхдөө хөгжлийн бэрхшээлтэй эхчүүдийн хэрэгцээг заавал тооцох, энэ төрлийн тусламжийг эх, нярайд чирэгдэлгүй үзүүлэх тухай л ойлголт юм шүү дээ.