Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгууль угтан улс төрчид, нэр дэвшихээр горилогсод тойргоо усалж, аяга, шанага, гурил будаа, элдэв зурагтай хуанли зэргээс авхуулаад янз бүрийн зүйл тарааж, иргэдийн саналыг өөртөө татахыг зорьдог. Үүнийг өөрсдөдөө зориулан хууль баталдаг гишүүд бүгд л хүлээн зөвшөөрчихсөн. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах, тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах хориглоно” хэмээн заасан. Харин үүнээс өмнө бол тарааж болно хэмээн хуульчилсан гэхэд хилсдэхгүй.
Харин санал хураах үеэр элдэв зүйл тараахыг хориглодог ч УИХ-ын төдийгүй орон нутгийн сонгуулийн өдөр сонгогчдыг өөртөө татах гэж мөнгө төгрөг тараалаа гэх мэдээллийг өрсөлдөгчид нь цацдаг. Зарим нь дэгс байх нь ч бий. Баримттайгаа гардуулсан сонгуулийн штабын нөхөд ч байдаг. Тэр болгоныг тагнуул, цагдаагийн байгууллага шалгаж, Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсээр ирсэн. Гэтэл саяхан УИХ-д АН-ын жагсаалтад багтан орж ирсэн Ж.Баярмаа Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөл гэгчийг санаачлан хэлэлцүүлэг зохион байгуулав. Түүнд нь Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэх, хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяалуулан шалгуулах” гэх зэрэг заалт оруулахаар тусгасан аж. Өмнө нь тагнуул, цагдаагийн байгууллагад шалгаад шүүхээр шийдвэрлүүлээд болоод байсан, Эрүүгийн хуульд байгаа гэмт хэргийг яагаад заавал шинээр хууль батлуулах гэж оролдох болов. Магадгүй хуулийн төсөл санаачлан боловсруулсан хэмээн татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн арван саяар нь гишүүд авчихдаг учраас Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөл гэгчээр ийм алхам хийх гэж байна уу. Ингэж илүү зардал гаргахынхаа оронд Эрүүгийн болон сонгуулийн хуулиуддаа нэмэлт, өөрчлөлт хийгээд штабынх нь ажилтнууд мөнгө тараасан нь тогтоогдсон бол гишүүн, төлөөлөгчийг эгүүлэн татахаар заалт оруулчхаж яагаад болохгүй гэж.
ШТАБЫНХАН НЬ МӨНГӨ ТАРААСАН НЬ ТОГТООГДСОН Ч ТӨР ТҮШИЛЦСЭЭР БАЙНА
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9-д “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” хэмээн иргэний нэг эрхийг тодор хойлсон. Харамсалтай нь, иргэний сонгох эрхэд халдаж, хөсөрдүүлэх нөхцөлийг бүрдүүлэгч буюу нэр дэвшигч нь сонгогдоод зогсохгүй, хууль тогтоолцон, саяхныг хүртэл сайд дарга байсаар ирэв. Өөрөөр хэлбэл, сонгуулийн штабынх нь ажилтан мөнгө тарааж, иргэдийн сонгох эрхийг хөсөрдүүлсэн бол нэр дэвшигчийг буцаан татах заалт байдаггүйгээс гишүүнээр тогтохгүй төрийн өндөр албан тушаал хаших хүртлээ “өндөрт мандсан”. Буцаан татах заалт байдаггүйгээс штабынхан нь мөнгө тараасныг гурван шатны шүүх тогтоосон хүмүүс өнөөг хүртэл төрийн түшээ, сайд зэрэг албан тушаал хашсаар буй тохиолдол ч бий. Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймаг буюу тухайн үеийн 15 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин сонгогдсон, хожим сайд болцгоосон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн штабын ажилтнууд иргэдийн саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан юм. Уг хэрэгт Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Ч.Хүрэлбаатарын туслахаар ажиллаж байгаад УИХ-ын Төсвийн байнгын хорооны референт болсон Ш.Чинбат, “Хурд” группийн жолооч Т.Гансүх, Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, Я.Лхагва зэрэг хүн холбогдож байв. Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран нар Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байхдаа Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн найман иргэнд “Нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг дэмжээрэй, тэдний төлөө саналаа өгөөрэй” гэж гэрээ хийж, хүн тус бүрт 100 мянган төгрөг өгсөн байдаг. Я.Баттогтох, Ш.Чинбат нар нь уг хоёр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллах явцдаа Увс аймгийн Өмнөговь сумд есөн оюутанд гэрийг нь сонгуулийн сурталчилгааны байрын зориулалтаар түрээслэх хуурамч гэрээ хийж, тус бүрд нь 150 мянган төгрөг өгсөн нь тагнуулын байгууллагынхны шалгалтаар тогтоогдсон. Тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн 130.2 дугаар зүйлд заасан “Иргэний сонгох эрхээ хэрэг жүүлэхэд нь санал худалдаж авах аргаар саад хийсэн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Баянгол дүүргийн шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая 636 мянган төгрөгөөр торгох ял оноосон юм. Тэр жилийн сонгуулиар Ч.Хүрэлбаатар 57.48, Б.Чойжилсүрэн 52.18 хувийн санал авч УИХ-ын гишүүн болсон. Харин тэдний дараа АН-аас нэр дэвшсэн Д.Нямхүү 33.47, Т.Мэндсайхан 31.05 хувийн санал аваад байв.
САНАЛ ХУДАЛДАН АВСАН ГЭХ ХЭРГИЙГ ЦАГААТГАСАН НЬ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮҮ
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Санал худалдан авалтын эсрэг хуулийн төслөө танилцуулахтай зэрэгцээд шахам сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авсан гэх хэрэгт холбогдсон Баян-Өлгий аймгийн иргэдийн өмгөөлөгч нарын гомдлыг Улсын дээд шүүх хянан хэлэлцсэн юм.
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нурболат, түүний ах Х.Нурбахыт, Өлгий сумын Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байсан иргэн Х.Амир нар нэг бус сонгогчид 2024 оны аравдугаар сард мөнгө тарааж, санал өгүүлсэн хэрэгт холбогдсон байна. Тус аймгийн төв буюу Өлгий сумын 29 дүгээр тойрогт МАН-аас Х.Нурболат нэр дэвшсэн аж. Энэ үедээ иргэн Х.Амир, төрсөн ах Х.Нурбахыт нартай хамтран 2024 оны аравдугаар сарын 4-8-нд МАН-ын сонгуулийн штабын байрандаа болон гэрт нь очиж, нэр бүхий иргэдэд 200-300 мянган төгрөг тараасан хэрэгт холбогджээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийн 47.1.1 дэх хэсгийг зөрчсөн уг үйлдлийг сонгогчийн саналыг мөнгөөр татаж иргэн сонгуулийн эрхээ эдлэх сонгуулийн хорооны ажилд саад хийх гэмт хэрэг хэмээн хууль хяналтын байгууллагаас шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тус шүүхийн ерөнхий шүүгч төлүүлнэ
А.Дауренбек даргалан энэ оны гуравдугаар сарын 27-нд тэдэнд холбогдох хэргийг хэлэлцсэн аж.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед дээрх гурван хүн мөнгө тараагаагүй хэмээн мэдүүлсэн байв. Харин гэрчээр дуудагдсан хүмүүс мөнгө өгснийг нь батлан өгүүлжээ. Тухайлбал, гэрч А.Н “Сонгуулийн санал авахаас долоо хоногийн өмнө буюу 2024 оны аравдугаар сарын 4-нд над руу Х.Амир гэх залуу залгаж, МАН-аас нэр дэвшигчдийн штабын байранд ирээч гэж дуудсан. Тэнд сууж байтал нэр дэвшигч Х.Нурболат, төрсөн ах Х.Нурбахыт нар орж ирж надтай уулзсан юм. Өөрийгөө нэр дэвшигч Х.Нурболатын төрсөн ах байна гээд надад бэлнээр 200 000 төгрөг бэлнээр өгч, нэг цаасан дээр гарын үсгийг зуруулж авсан. Улмаар Өлгий сумын IX багийн 37 айл өрхөөр орж, санал өгөх иргэдийн нэр, утасны дугаарыг нь бичиж аваад нэр дэвшигчийн ээжид нь өгсөн. 2024 оны аравдугаар сарын 11-нд саналаа өгөхдөө нэр дэвшигч Х.Нурболатыг дугуйлсан” гэжээ. Гэрч Б.Ж “2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 1-2 хоногийн өмнө гэртээ амарч байтал 19.00-20.00 цагийн үед манай гэрт МАН-аас нэр дэвшигч Х.Нурболат орж ирээд “Надад саналаа өгөөрэй” хэмээн бэлнээр 200 000 төгрөг өгөөд явсан. Уг мөнгийг би хүүдээ өгсөн” хэмээсэн байна. Ийнхүү гэрчүүд мөнгө авснаа мэдүүлж.
Харин шүүхээс зарим хүний мөнгө халаасалсан үйлдлийг сонгуулийн штабт ажилласан хөлсөө авсан байна, өөр нэгийнхийг нь “Гэрч эх сурвалжаа бодитой зааж өгч чадаагүй” гэх зэрэг үндэслэл дурдаж, гэмт хэргийн шинжгүй хэмээн яллагдагч гурван хүнийг цагаатгажээ.
Үүнийг нь хяналтын прокурор эсэргүүцэж, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд түүндээ “Анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бодит байдлаар бүрэн гүйцэт үнэлээгүй, гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Х.Нурболат, Х.Нурбахыт, Х.Амир нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” хэмээсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “Шүүгдэгч Х.Нурболат, Х.Нурбахыт, Х.Амир нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаат гасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг бүрэн хангаагүй, нотлох баримтыг үнэлэх болон шийдвэрийн үндэслэлийг боловсруулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэжээ. Ингэснээр сонгогчдын саналыг худалдан авсан гэх хэрэгт холбогдсон Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Нурболат, түүний ах Х.Нурбахыт, Өлгий сумын Засаг даргын зөвлөх асан Х.Амир нарын хэргийг Сум дундын шүүх нь дахин хэлэлцэхээр болж байна.