Монгол Улсад үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулсан “Улаанбаатар түншлэл-2015” намрын Олон Улсын үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо төвд боллоо.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын тамгын газар хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Монголын аж ахуйн нэгжүүдээс гадна БНАСАУ, Тайвань, Непаль, ОХУ, Польш, Унгар зэрэг улс орноос нийт 30 гаруй аж ахуйн нэгж ирж Монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилахаар оролцож байгаа юм.
Энэ сарын 10-14-нд гарч буй үзэсгэлэн нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед гадаад худалдааг эрчимжүүлэх замаар анх суурь нь тавигдан аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахын тулд анх 1975 онд тухай үеийн Худалдааны Танхим, Үзэсгэлэн чимэглэлийн төв байранд Гадаад Худалдааны Яам, Улсын Материал Техникийн Хангамжийн Хороотой хамтран Бөөний худалдааны яармагийг зохион байгуулагдсанаар өнөөгийн Улаанбаатар Түншлэл Олон Улсын үзэсгэлэнгийн суурь тавигдсан аж.
“Тус үзэсгэлэнг 1996 оноос хойш жил бүр Нийслэлийн Засаг Даргын Тамгийн Газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бүх шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангагч үйлчилгээ эрхлэгч, Олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага бизнесийг дэмжигч, хамтран ажилладаг нийт байгууллагуудын хүрээнд зохион байгуулж байгаа” хэмээн зохион байгуулагчид ярилаа.
“Улаанбаатар түншлэл-2015” үзэсгэлэн дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг хамарч байна.
Үүнд:
- Барилга, барилгын материал
- Банк санхүү, зээл
- Тоног, төхөөрөмж
- Эм, эмийн бүтээгдэхүүн
- Ноос, ноолуур
- Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
- Шинэ техник, технологи
- Арьсан эдлэл, бэлэг дурсгал
- Гэр ахуйн хэрэгсэл
- Гоёл чимэглэл
- Үндэсний өв уламжлал хадгалсан бараа бүтээгдэхүүн,
- Түүхт ойд зориулсан шинэ бүтээгдэхүүн
Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож буй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хийц загварын түвшинг жишиж үзэх, шинэчлэл байгаа эсэх, хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүнээ цогц хэлбэрээр танилцуулж, хүргэхээс гадна аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо туршлага судлах, мэдлэг солилцох, хоршиж ажиллах, зах зээлийн шударга өрсөлдөх олон боломжийг олгож байдаг. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл жилээс жилд олширч, шинэ дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр худалдан авагчийн сэтгэл ханамж нэмэгдэж, зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж.