
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айчлалаар ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахманыг Д.Сүхбаатарын талбайд өчигдөр албан ёсоор угтаж авлаа. Дараа нь хоёр улсын Төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааныхаа ололт амжилт, хэтийн төлөвийн талаар санал солилцож, албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Тажикистаны “2030 он хүртэлх үндэсний хөгжлийн стратеги”-тай уялдуулан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдэж, худалдаа, эдийн засаг, боловсрол, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэрийн салбарт Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурав. Тажикистан улс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчний салбарт Төв Азийн бүс нутагт тэргүүлэх байр суурь эзэлдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолж, энэ чиглэлд боловсон хүчин бэлтгэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ. Түүнчлэн ногоон шилжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний интеграцчлалыг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд “Транзит Монгол” болон Тажикистаны “Транзит улс” стратегийг Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх эрмэлзлээ харилцан илэрхийлэв. Үүний хүрээнд Монгол, Тажикистаны бизнесийн зөвлөл байгуулахаар тогтлоо. Тэрчлэн “Feel the friendship”, “Go Mongolia” брэндтэй уялдуулан аялал жуулчлалын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжүүлэхээ мэдэгдэв. Ирэх саруудад манай улсад болох COP17 болон КАРЕК хөтөлбөрийн сайд нарын уулзалтад Тажикистаны талыг өндөр түвшинд оролцохыг Ерөнхийлөгч уулзалтын үеэр урьсан юм.
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ЗАМЫН ЗУРАГЛАЛ БАЙГУУЛАВ
Монгол, Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан айлчлалын эхний өдөр боллоо. Талууд хоёр улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр ложистик, эрчим хүч зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд санал нэгдэв. Комиссын анхдугаар хуралдааныг даргалан оролцсон ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Тажикистаны Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзода нар Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай замын зураглалыг энэ үеэр байгууллаа. Хоёр улсын худалдааны эргэлт 2024 онд 130 мянган ам.доллар байсан бол өнгөрсөн онд 1.5 сая ам.долларт хүрч өсжээ. Замын зураглал байгуулснаар энэ дүнг тогтмол өсгөх боломжтойг сайд нар онцолсон. Монгол, Тажикистаны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд зам, тээвэр, ложистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ.