Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа энэ өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороонд 150 ортой цэцэрлэг ашиглалтад орж, багачууд, эцэг, эхчүүдийн магнайг тэнийлгэлээ. Өнгөрсөн баасан гаригт үүдээ нээсэн уг цэцэрлэгийн нээлтэд БСШУЯ-ны хэлтсийн дарга Б.Гантулга, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа тэргүүтэй зочид, иргэдийн төлөөлөл оролцов. Тус цэцэрлэгийг дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Изо хаус” ХХК барьж гүйцэтгэжээ.
Шинэ цэцэрлэг хэдийгээр 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 2015-2016 оны хичээлийн жилд 285 багачууд хамруулаад байгаа аж. Ямартай ч хүүхдээ хараад, ажилгүй гэртээ байсан эцэг, эхчүүд шинэ, тохь тухтай цэцэрлэгт багачуудаа өгч, сэтгэл амар ажиллах болсондоо ихэд баяртай байв.
Дашрамд сонирхуулахад, 2013-2016 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн зургаа, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр барьжээ.