Аюул гамшгийн үед аврагчдад орчин үеийн техник хэрэгсэл, багаж төхөөрөмж хангалттай байх хэрэгтэй. Үүнд Засгийн газраас анхаарал хандуулж, аврах, гал унтраах автомашин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хангамжийг сайжруулахын тулд энэ онд Хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн.
Ингэснээр аврагч, гал сөнөөгчдийн техник хэрэгслийн хүртээмж 10 хувиар нэмэгдэх аж. Үүний хүрээнд эхний ээлжийн техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсүүдийн дарга, албан хаагчид хүлээн авлаа.
Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар 6.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий, аврах ажлын болон гал унтраах 30 гаруй автомашины түлхүүрийг тэдэнд гардуулсан юм. Үүний зэрэгцээ аврах ажлын багаж, хийлдэг дэр, дүрэлзэн шатдаггүй, хайлдаг материалаар хийсэн хувцас, гутал, аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч (РЛО) зэрэг багаж хэрэгсэл өгөв.

Аюулгүйн хучлага нь уулгалан ирж буй түймрийн үед нөмрөөд хэвтсэн хүний амь аврах “шидтэй” аж. Ийм хучлага хээрийн түймэр байнга гардаг нутагт амьдардаг айл бүрт байхад гэмгүйг дуулгасан. Гэвч үнэ өндөр учраас эгэл малчдад тийм ч амар олдохгүй гэнэ. БНХАУ-аас оруулж ирсэн гал унтраах машин нь найман тонны багтаамжтай бөгөөд ус соруулж, шахах онцлогтой аж. Харин аврах ажиллагааны машинуудаа ОХУ-аас авчээ.
Гэхдээ тус улсын машинууд нь зардал өндөртэйн дээр, сэлбэг их ордог учраас энэ жилээс татгалзаж буйгаа Т.Бадрал генерал дуулгав. Мөн БНСУ-аас ой, хээрийн түймэр унтраах хоёр машин авчирчээ. Тэдгээр нь бартаа саадтай нөхцөлд ч шланкаар нь 500 м зайд ус шүршдэг давуу талтай аж. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараас ой, хээрийн түймэр болон багаж хэрэгслийн хүртээжийн талаар тодруулахад “Манай аймаг ойн болон усны сан бүхий газар нутагтай, байгалийн дагалдах баялаг ихтэй.
Тиймээс орон нутгийн удирдлагаас ч онцгой байдлын алба хаагчдыг техник, тоног төхөөрөмжөөр хангахыг чухалчлан ажиллаж байна. Манай аймагт Аврах, гал унтраах дөрвөн анги бий. Сэлэнгэ аймагт он гарснаас хойш ой хээрийн түймэр 50 гаруй удаа гарсан. Ойн түймэр ихэвчлэн хөвчид гардаг учраас унтраахад бэрхшээлтэй.
Тиймээс туулах чадвар сайтай машин, орчин үеийн тоног төхөөрөмж хүлээн авч байгаадаа баяртай байна” гэв. Гал унтраах зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг орон нутгаас гадна Хил хамгаалах ерөнхий газар, Хан Хэнтийн дархан цаазат газар, Богдхан уулын дархан цаазат газарт олгох юм байна.
Ч.БОЛОРТУЯА