WTI болон “Brent” төрлийн нефтийн үнийн таамаглалаа “Goldman Sachs” өнгөрсөн баасан гаригт мэдээлэв. Зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдлээс үүдэн WTI маркийн нефтийн үнэ ирэх онд баррель нь дунджаар 45 ам.доллартай тэнцэж магадгүй аж. Уг нь өнгөрсөн тавдугаар сард дээрх тоог 57 ам.доллар байна хэмээн үзэж байв. Мөн “Brent” төрлийн баррель нефтийн ханш 62 “ногоон” байна гэж таамагласнаа 49.5 болгон бууруулжээ. “Goldman Sachs”-ын шинжээч Дамьен Курвалин “Газрын тосны нийлүүлэлт бидний тооцоолж байснаас ч их байна. Энэ нь 2016 онд ч үргэлжлэх төлөвтэй” хэмээн ярьжээ. Гэхдээ ирэх оны дөрөвдүгээр улиралд дэлхийн зах зээлд “хар алт” илүүдэхээ болих төлөвтэй аж. Олон улсын эрчим хүчний агентлагийн зүгээс 2016 онд ОПЕК-ийн бус орнуудын газрын тосны үйлдвэрлэл өдөрт 500.000 баррелиар багасан, 57.7 саяд хүрнэ гэж тооцсоноо баасан гаригт уламжилжээ.
Өнгөрсөн баасан гаригт Нью-Йоркийн металлын биржид ирэх сард худалдан авах WTI маркийн нефтийн үнэ 1.16 хувь буюу 2.5 хувиар хямдран баррель нь 44.76 ам.доллартай тэнцэв. Зах зээл дэх түүхий газрын тосны 40 хувь нь ногддог Саудын Араб, Ирак, Иран тэргүүтэй ОПЕК-ийн гишүүн орнууд одоогоор өдөрт 30 сая баррелиас дээш газрын тос үйлдвэрлэж буй.
Ц.Болор