Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, төмрийн хүдрийн “Сэлэнгэ” төслийг эзэмшдэг “Haranga Resources” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Энэ хугацаанд тус компани 978.070 ам.долларын алдагдалтай ажиллажээ. Өмнөх он; тэдний алдагдал 1.3 сая “ногоон” байсан гэнэ. “Haranga Resources”-ийнхэн “Сэлэнгэ” төслийн талбайгаас 62 хувиас дээш агуулгатай төмрийн баяжмал олборлох боломжтой хэмээн үзэж буй аж.
Түүнчлэн дээрх биржид бүртгэлтэй, зэс-алтны “Хармагтай”, “Оюут улаан” төсөл эзэмшиж буй “Xanadu Mines” тайлангаа танилцуулав. Тус компанийнхан “Хармагтай” төсөлд өрөмдлөгийн ажлаа үргэлжлүүлж буй юм байна. Мөн энэ оны 1-6 дугаар сард Дорноговь аймаг дахь “Оюут улаан” төслийн талбайд есөн цэгт өрөмдлөг хийжээ. “Xanadu Mines”-ын алдагдал 1.9 сая ам.долларт хүрсэн гэнэ.
Ц.Болор