Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зарим газрын дарга болон хэд хэдэн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргажээ.
Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1.2, 2015 онд байгуулсан үр дүнгийн гэрээний 6.2, 6.3 дугаар заалтыг тус тус үндэслэн нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нарын албан тушаалын үндсэн цалинг нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах болсон байна.
Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт авсан учраас тэдэнд ийнхүү сахилгын шийтгэл ногдуулж, шар карт өгчээ.
Түүнчлэн нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын шалгалтаар материаллаг шинжтэй зөрчил гарган “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт авсан Багануур дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Батням, нийслэлийн Авто замын газрын ахлах нягтлан бодогч Ж.Сүрэнжав, Халамж үйлчилгээний газрын ахлах нягтлан бодогч Б.Гэрэлтуяа, Эрүүл мэндийн газрын ахлах нягтлан бодогч Э.Нардандал нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж, хариуг энэ сарын 20-ны дотор мэдэгдэхийг харьяа газрын дарга нарт нь үүрэг болгосон аж.
Л.ГАНЧИМЭГ