Чингэлтэй дүүргийн I хорооны 15 дугаар байранд оршин суудаг Франц улсын иргэнийг дээрэмдсэн хэрэг энэ сарын 7-ны 19.30 цагийн үед гарсан. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гэмт этгээдийг 72 цагийн дотор илрүүлэн, баривчилжээ.
Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай О гэгч үйлдсэн бөгөөд хохирогчид хутга тулган гар, хөлийг хүлж, айлган сүрдүүлж, эд зүйлсийг нь дээрэмдсэн байна. Гэмт хэрэгтэн баривчлагдах үедээ хохирогчийн IPad, цахим карт, гар утас зэргийг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Дашрамд дурдахад, энэ он гарсаар Улаанбаатар хотод 12203 гэмт хэрэг үйлдэгдсэний 84-т нь гадаадын иргэн өртсөн нь нийт гэмт хэргийн 0.6 хувийг эзэлж байгаа аж. УБХЦГ-ын мэдээлж буйгаар гадаадын иргэн өртсөн хэргийг 100 хувь илрүүлсэн байна.
Х.АЗЖАРГАЛ