Манай иргэд арваннэгдүгээр сар гарангуут Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад өвөлжихөөр усны шувуудтай зэрэгцээд “нүүдэллэж” эхэлдэг. Энэ нь бараг мода болсон. Тэнд халуун дулаан уур амьсгалтай, иргэд нь богино өмд, нимгэн футволкатай өвөлждөг шахам. Харин вьетнам хүн Монголд ирэхээрээ намар, өвөл, хаварт ихээ даардаг гэж ярьсан удаатай. Олонх нь автозасварын газар, тэндэх умгар өрөө хоёрынхоо дунд эргэлдэж, нар салхи үзэхгүй шахам л амьдардаг.
Мэдээллийн unuudur.mn сайт Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэд, тэр дундаа авто засварчдын нөхцөл байдлын талаар өнгөрсөн онд цуврал нийтлэл бэлтгэн хүргэсэн. Энэ удаа ч цувралаа үргэлжлүүлж, албадан хөдөлмөрийн золиос болсон байж болзошгүй вьетнам иргэний талаарх мэдээллийг хүргэе.
Монголд зуссан шувууд буцаж, нуур ус зайрмагтан өвөл хаяанд ирсэн үед ийм нэг хэрэг гарсан аж. Ажил олгогч монгол нь вьетнам ажилчныхаа гадаад паспортыг нь хурааж аваад уджээ. Т гэх даргаасаа гадаад паспортоо нэхэж зүрхлээгүй Вьетнам улсын иргэн нутаг буцахаар шийдсэн байна. Ингээд 2024 оны арваннэгдүгээр сард Төв аймгаас хот орж, хотод хоногийн 130 мянган төгрөг төлж буудалд 5-6 хоножээ. Улмаар Н.В.Х 600 төгрөгөөр такси түрээслэн Дорноговь аймгийн замын-Үүд сумд иржээ. Ингээд 2024 оны арваннэгдүгээр сарын 9-ний орой 19-20 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн ... дугаар ангийн хариуцсан чиглэлд Монгол Улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу боомт бус газраар явганаар хил зөрчиж хэрэгтэн болжээ. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдаан болж Н.В.Х-д нэг жил хорих ял оноосноор эл хэрэг дуусав. Шүүгдэгч Монголд олон жил ажилласан ч дорвитой хураасан мөнгөгүй, дээр нь нутгаа ихэд санаж байсан тул үрдээ, ханьдаа очихоор бичиг баримтгүй хэдий ч эрсдэл гаргаж, Хятад руу гарч, тэндээсээ Вьетнам орохоор төлөвлөж, ажлаасаа оргосноо мэдүүлсэн байдаг.
Зүй нь мөрдөгч биш юм гэхэд прокурор, цаашлаад шүүгч нар вьетнам иргэн дарамт шахалтад оров уу, яагаад бичиг баримтгүй байсан, ямар учраас оргож зугтав, албадан хөдөлмөрийн шинж бий юү гээд олон зүйлийн учгийг тайлуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж болох байв. Ажил олгогчийнхоо нэрийг Т гэж хэлсээр байхад түүнээс бас мэдүүлэг аваагүй нь хачирхалтай.
Дээрх хэрэгт холбогдож ял авсан хүн албадан хөдөлмөрийн хохирогч болсны улмаас аргагүй өөр гэмт үйлдэл хийж давхар хохирсон юм биш биз гэсэн эргэлзээ төрж байгаагаа нуухыг хүсэхгүй байна. Олон жил Монголд ажилласан вьетнам эр бичиг баримтаа ч авах эрхгүй. Дээр нь олигтой хурааж цуглуулсан мөнгөгүй, тэгээд нутаг буцахаар бичиг баримтгүй оргож босож, хөлдөж үхэхээс айлгүйгээр хил зөрчсөн гэхээр албадан хөдөлмөрийн золиос болсон байх магадлал тун өндөр байгаа юм. Албадан хөдөлмөр байж болзошгүй нийтлэг шинжийн нэг нь бичиг баримтыг нь барьцаалж ажиллуулах юм.
Дэлхий нийтэд гадаад ажилтны хувийн бичиг баримтыг нь хурааж авч барьцаалаад, улмаар түүгээрээ дарамтлан эрх чөлөөг нь хязгаарлаж, эрхшээлдээ ажиллуулах явдлыг албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн нэг болзошгүй шинж гэж үздэг. Монгол Улс Үндсэн хуульдаа “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан, мөн Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын албадан хөдөлмөрийг хориглох, устгахтай холбоотой хоёр суурь конвенцод нэгдсэн.
Олон Улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас АНУ-ын Хөдөлмөрийн департаментаас санхүүжилт авч албадан хөдөлмөртэй холбоотой Олон Улсын зөвлөмж, протоколын биелэлтийг хангахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор Бридж-II төсөл хэрэгжүүлж байв. Гэхдээ одоо уг хөтөлбөр зогссон. АНУ-ын Төрийн департамент гадаадын төслүүдэд олгож байсан санхүүжилтээ зогсоосноос үүдэлтэй юм. Үүнийг дурдсан нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас уг хөтөлбөрийн хүрээнд 2025 онд Монголд ажиллаж буй гадаад иргэдийн хөдөлмөрлөх нөхцөлийг хянаж шалгахаар төлөвлөсөн ч талаар болсонтой холбоотой юм. Айл мөнгө өгөхгүй л бол хяналт шалгалт хийж болдоггүй гэлтэй эл яам угаас сүүлийн 10 гаруй жил гадаад ажилтнуудыг хөдөлмөрлөх нөхцөлийг шалгаагүй хөсөр хаясан билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд хэнийг ч албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хоёр ч конвенцод манайх нэгдэж, албадан хөдөлмөрийг хориглох бүр устгах үүрэг хүлээсэн. Дээрх ганц жишээ л Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг тод томруун харуулж буй.
Хамгийн инээдтэй нь өмнөх хийгээд энэ удаагийн кэйс дээр “Хохирогч гомдол гаргаагүй ээ гээд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо огт ажиллаагүй.
Дээрх хэргийн шүүх хурал болсны дараахан буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард Бүгд найрамдах Вьетнам улсын Хөдөлмөрийн ерөнхий хорооны Ерөнхийлөгч Нгуен Дин Ханг-аар ахлуулсан төлөөлөгчид МҮЭ-ийн холбоонд албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр БНВУ-ын Хөдөлмөрийн Ерөнхий хорооныхонд юугаа хэлж, хуйхаа маажиж суусан бол доо, манай Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон.