
Төрийн алба танил талын хийгээд бүлэглэж “булли” хийдэг хүмүүсийн цугладаг газар биш байлтай. Гэтэл Орхон аймгийн Боловсролын газарт энэ байдал хавтгайрч, танил талаараа бүлэглэж, нэгээ гадуурхдаг, хяхан хавчдаг үзэгдэл газар авсныг иргэд эсэргүүцэж эхлэв. Эл байдлаас Орхон аймагт тэр дундаа төрийн албанд эрдэнэт хүний алтан амь эрсдэж ч мэдэхээр байна. Тодорхой хэлбэл, Орхон аймгийн Боловсролын газрын боловсролгүй дарга О.Ариунгэрэлт ажилтнуудаа дарамтлах, биед нь халдах, хүчирхийлдэг гэнэ. Хүмүүжлийн энэ мэт доголдолтой, ёс зүйгүй албан хаагчийг ажлаас халж, төрийн албаа цэвэрлэх нь өнөөдрийн Засгийн газрын зорилт юм. Улмаар Засгийн газар 14 400 албан хаагчийг цомхотгох төлөвлөгөө гаргаад буй. Ингэж чадвал Ерөнхий сайдын төрийн индэр дээрээс хэлсэн үг амьтай болно. Эргэн сануулахад, Ерөнхий сайд Г.Занданшатар хэдхэн хоногийн өмнө “Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой” хэмээн Төрийн албан хаагчдын үндэсний чуулганыг нээхдээ чухалчлан хэлсэн билээ.
Одоо гол баримтаа бичье. Орхон аймгийн боловсролын газарт Хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамруулах боловсрол хариуцсан ахлах арга зүйч М.Сэлэнгэ Төрийн албаны зөвлөлд хандаж, төрийн албанд ёс зүйгүй байдал хавтгайрсныг хөнджээ.
2023 оны арваннэгдүгээр сард Орхон аймгийн боловсролын газарт ажилд орсон тэрбээр өргөдлөө “Орхон аймгийн Боловсролын салбар нь энэ жил “Байгууллагын соёл, багшийн ёс зүйн жил” болгон зарласан. Гэтэл боловсролын газрын дарга Ожоовор овогтой Ариунгэрэлт нь төрийн албан хаагчдад ажлын байрны дарамт үзүүлж, ялгаварлан гадуурхаж, эмэгтэй албан хаагчдыг зодож, хүчирхийлдэг ёс бус үйлдэл нь хэрээс хэтэрч, эцэст нь бие махбодын хүчирхийлэл, гоо сайхан, эрүүл мэндэд хохирол учруулсан” хэмээн бичжээ.
Баримт нэг: О.Ариунгэрэлт албаны шуурхай дээр байнга орилж, хашхирч, загнаж, харилцан ярилцахгүй, албан хаагчдад мөнхийн дарамт үзүүлдэг гэдгийг удирдлагад нь ажиллаж байсан хүмүүс хэлж байна. Улмаар Боловсролын газрын ажлаа дорвитой хийдэггүй, тодорхой судалгаатай шийдвэр гаргах гэхээсээ илүү ховоор ажил хийдэг хүн хэмээн тэд тодорхойлсон. Бүр өөрийн хүрээлэл үүсгэсэн бөгөөд тойрон хүрээлэгч нартайгаа бүлэглэн эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг загнадаг, дарамталдаг, хяхаж хавчдаг халдаг аж.
Хоёр жилийн өмнө О.Ариунгэрэлт албан хаагч М.Сэлэнгээг ямар ч шалтгаангүйгээр олон нийтийн өмнө алгадаж, үсдэж хүчирхийлэл үйлдэж байжээ. Эл үйлдлийг нь харсан албан хаагчдын хэн нь ч М.Сэлэнгийг хамгаалаагүй, харин ч “Дарга тасарсан байсан” гэдэг үгээр халхалж, удирдах албан тушаалтнаа өмөөрөөд өнгөрсөн аж.
Баримт хоёр: Орхон аймгийн боловсролын газрын 13 албан хаагч 2025 оны зургадугаар сарын 24-30-ны хооронд Өмнөговь, Дундговь аймгуудаар туршлага судлах буюу албан ажлаар явжээ. Ингэхдээ нэг хүнээс 500 мянган төгрөг хурааж авсан аж. Туршлага солилцох тав дахь өдөр буюу 2025 оны зургадугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймагт туршлага солих багт явсан хоол зүйч Батцэнгэл, мэдээллийн технологийн арга зүйч Болортуяа нар машинд үсдэлцэж зодолдсон аж. Батцэнгэл нь Азийн аварга бөгөөд байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг тамирчин аж. Энэ утгаараа өрсөлдөгчөө бараг хүнд цохилтод оруулсан гэнэ. Тиймээс М.Сэлэнгэ, Даваахүү нар хохирогчийг хамгаалахаар оролджээ. Гэтэл урд талын машинд явсан газрын дарга О.Ариунгэрэлт машины хаалгыг нээж, орилж хашхиран, М.Сэлэнгээг зэрлэгээр үсдэн буулгаад, замын хажуу руу түлхжээ. Улмаар цахим хариуцсан арга зүйч Болортуяа, Даваахүү нарыг элдэв муухай үгээр гутаан, нэмж зодоод харин Батцэнгэлийг машиндаа авч суулгасан хэмээн эх сурвалж хэлж буй. М.Сэлэнгэ машинаас хайргатай хар зам руу өнхөрч унахдаа толгой, тохой, гарын алга, өвдөг, шилбэнд чулуу зоогдож, зулгарч, шалбарч цус гарсан байна. Энэ бүгдийг харж байсан арга зүйч нараас хэн нь ч тэдэнд тусалж, хамгаалахыг оролдоогүй гэнэ. Улмаар машин доторх болон гаднах зодоон өмнө нь ярилцсан, төлөвлөсөн, зохион байгуулалттай үйл явдал хэмээн хардаж буйгаа М.Сэлэнгэ хэлсэн юм.
Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, багш нарт хүчирхийллийн эсрэг бодлого, үйл ажиллагааны чиглэл өгч ажилладаг М.Сэлэнгэ удирдлагынхаа удаа дараагийн хүчирхийллийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэж шүгэл үлээжээ. Гэтэл О.Ариунгэрэлт нь М.Сэлэнгэд бэлэг сэлт өгч, уучлал гуйж, мөн бусад алба хаагчдаар яриулж, загнах зэмлэхийн дундуур “ухааруулах” гэж удаа дараа оролджээ.
Харин шүгэл үлээсэн албан хаагч О.Ариунгэрэлт даргын танхайрсан хүчирхийлсэн эл үйлдлийг өмнөх шигээ уучлахыг, нуун дарагдуулахыг хүсээгүй байна. Ингээд Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албан хаагчийг үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээр хангах, хүчирхийлэлгүй, дарамтгүй ажлаа хийх боломжоор хангаж өгөхийг хүсэхээс гадна Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Монгол Улсын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Г.Занданшатарт болон Монгол Улсын Ёс зүйн хороонд хандахаа мэдэгджээ.
Эцэст нь тэмдэглэхэд, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ гэж бий. Тодорхой хэлбэл, төрийн албан хаагч Зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх учиртай. Мөн хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүрэгтэй. Хамгийн гол нь албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх ёстой. Харин энэ зэргийн хэм хэмжээ, ёс зүй Орхон аймгийн Боловсролын газрын дарга хийгээд зарим албан хаагчид огтхон ч алга.