Улсын баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд цол, одон, медаль гардуулж буй билээ. Ганц наадам ч биш, түүхт ой давхацсан, тэмдэглэлт бусад баярын үеэр ч одон, медаль хавтгайруулан тараасаар ирснийг иргэд байнга л эсэргүүцдэг. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүдээс С.Цэнгүүн төрийн дээд цол, шагналыг үнэгүйдүүлэн олгож буйг, үүнд улсын төсвөөс их хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулж байгааг шүүмжлэв. Тэрбээр “Баяр болгоноор замбараагүй тарааж байгаа одон, медалийн тоо утгаа алдлаа. Төрөөс олгодог нийт шагналын тоо “Алдарт эх”- ийн одонг тооцохгүйгээр жилд дунджаар 40 мянгыг даваад байна. Энэ хэвээрээ одон, медаль тараасаар байвал 10-20 жилийн дотор гэхэд Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр төрөөс ямар нэг шагнал авах төлөвтэй. Гэтэл цаана нь зөвхөн 21 аймгийн хэмжээнд шагнал гардуулахад жилд улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөг зарцуулдаг. ХХААХҮЯ-наас улсын аварга, хошой аварга малчин, тариаланч, тариаланч хамт олон, саальчин, фермерүүдэд жил бүр 1.7-2.4 тэрбум төгрөг зарцуулж иржээ. Өнгөрсөн жил гэхэд “Улсын аварга малчин” 195 төрсөн. Олимп хүртэл нэг л аваргатай байдаг биз дээ” хэмээсэн нь нийгмийн сүлжээнд олон хүнд хүрээд байна.
Одон медаль өвөртлөөд сайн хүний дүрээр айл хэсэн, айраг ууж, наадам, Цагаан сар тэмдэглэх нь сайд, дарга нарын сонгуульд санал цуглуулах гол арга нь болсон гэдгийг ч УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хэлнэ лээ. Учир нь сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилүүдэд төрийн шагнал, одон, медалийн тоо 40 гаруй хувиар нэмэгддэг аж. Тухайлбал, өнгөрсөн онд Боловсролын яамныхан 7400 орчим шагнал, тэмдэг тараасан тоогоороо тэргүүлсэн бол ЭМЯ-ныхан 4400-гаар удаалжээ. Дайн байлдаангүй атал БХЯ-ныхан гэхэд цэргийн 2700 орчим цол, одон, медаль, өргөмжлөл гардуулсан байх жишээтэй. Шагнуулсан иргэдийг үүнд буруутгаагүй, хамгийн гол нь төрийн бодлого нь ийм аргацаасан, хөөрхийлөлтэй байгаад л иргэд бухимдаад байгаа хэрэг.
О.Оргилох