Сургуулийн өмнөх болон Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилж, ирэх намраас мөрдөх болсонтой холбогдуулан албаныхан хуралдаж, явцын талаар мэдээлэл өглөө.
Засгийн газрын 176 дугаар тогтоолоор баталсан, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн төслийг өнгөрсөн хичээлийн жилд буюу 2024 оны арваннэгдүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд нийслэлийн зургаан дүүрэг, 12 аймгийн 18 цэцэрлэгт туршиж, олон удаагийн хэлэлцүүлэг, экспертүүдийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн өдгөө сайжруулаад буй гэнэ. Иймд Боловсролын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хөтөлбөрийг батлахыг гишүүд дэмжжээ. Харин Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг сайжруулах чиглэл өгсөн байна.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч Х.Отгонбаатар “Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрүүд нь хүүхдийн хөгжлийг дэмжих, чадамжид суурилсан, залгамж холбоо бүхий агуулгатай болон шинэчлэгдэж байгаагаараа онцлогтой. Тухайлбал, Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг 30 хүртэл хувиар шинэчилж, багшийн ажилд дэмжлэг болох гарын авлага, дасгал ажлын дэвтэртэйгээр боловсруулсан. Харин бага боловсролын хөтөлбөрт тодорхой хэмжээний агуулгын өөрчлөлт оруулж, багш, сурагчдыг шинэ арга зүйд дасан зохицох шаардлага үүсгэх ч хэрэгжилтийг зөвлөмж, удирдамжаар зохицуулах боломжтой” гэсэн юм.
О.Оргилох