Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүс нутгийн орнуудад тэр дундаа Монгол, Вьетнам, Камбож, Филиппин улсад хүүхдийн вакцинд хамрагдах хувь эрс багассаныг НҮБ болон ДЭМБ-аас мэдээллээ. Үүний хор уршгаар энэ оны эхээр нэр дурдсан орнуудад ханиад, томуу, менингит, улаан бурхны халдвар дэгдэж, олон хүүхэд эндэн, эрүүл мэндийн байгууллагуудад ч ачаалал үүсгээд байна. Вакцины хамрагдалт цаашид ч буурах хандлагатай байгааг тус байгууллагуудаас анхааруулсан. Энэ нь “Ковид-19”-өөс хойш иргэдийн вакцинд үл итгэх байдал нэмэгдсэн, уламжлалт хандлага, эрүүл мэндийн боловсрол дутмагтай холбоотой гэж үзжээ.
НҮБ-ын мэдээлснээр дээрх орнуудаас гадна бусад улсад ч томуу, менингит, улаан бурхны халдвар өндөр байгаа гэв. Учир нь өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 14.3 сая хүүхэд зонхилон тохиолддог халдварт өвчний эсрэг нэг ч тун вакциныг хийлгээгүй гэсэн судалгаа гарчээ. Энэ нь зургаан жилийн өмнөхөөс 12.9 сая-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Вакцинаар сэргийлж болох өвчний дархлаажуулалт дэлхийн хэмжээнд 84 хувьтай, үүнийг 95 хувьд хүргэхгүй л бол цаашид халдвар тархсан хэвээр байна гэдгийг НҮБ дахин сануулав.
Тэгвэл манай бүсийн орнуудад энэ онд товлолт вакцины II тунгийн хамрагдалт 76 хувьтай байгаа нь улаан бурхан зэрэг халдвар хурдацтай тархах нэг шалтгаан болсныг дурдсан байна. Сонирхуулахад, дэлхийн хэмжээнд сүүлийн 20 жилийн хугацаанд 1.1 тэрбум гаруй хүүхдийг дархлаажуулжээ. Ингэснээр жил бүр гурван сая хүүхдийн амь аварч, үүнд улс орны дархлаажуулалтын хөтөлбөрүүд чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг НҮБын тайланд онцолжээ.
О.Ундрах