МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэн манай улсад монгол судлалаар суралцаж буй гадаадын оюутан залууст зориулсан жил бүрийн наймдугаар сард зуны сургууль хичээллүүлдэг. Өнөө жилийн зуны сургуульд Америк, Герман, Франц, Чех, Ирланд, Хятад, Японы 14 оюутныг хамруулан энэ сарын 3-нд хичээллүүлж эхэлснийг дээрх хүрээлэнгээс мэдээлэв. Зуны сургуульд хамрагдагчид 14 хоногийн хугацаанд монгол хэлний хөтөлбөрт хичээл үзэж, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудтай танилцан, музей, галерей зэрэг соёлын байгууллагаар зочлохын зэрэгцээ Богдхан уул, Горхи, Тэрэлж зэрэг нийслэлтэй ойр байгалийн үзэсгэлэнт газруудаар аялан, нүүдэлчин ахуйтай танилцах хуваарьтай аж.
Н.Мишээл