
Гадаад иргэдийн дунд зохион байгуулдаг Орос хэлний 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) бүртгэл эхэллээ. Энэхүү тэмцээн нь оролцогчдын орос хэлний мэдлэгийг сорихоос гадна тэд үзэл бодлоо үндэслэлтэй илэрхийлэх, мэтгэлцэх, логикийн бодлого бодох, багаар ажиллах, бүтээлчээр сэтгэх чадвараа харуулах олон улсын уралдаант-боловсролын хөтөлбөр юм.
Тэмцээнд оролцох баг 16–22 насны таван гишүүн, 21-ээс дээш насны дасгалжуулагч багштай байна. Дасгалжуулагч багш нь бүх шатанд багийг дагалдаж дэмжиж ажиллахыг зохион байгуулагчид онцолж байна.
2024 оны ДАШТ-д Энэтхэг, Хятад, Грек, Вьетнам, Латин Америкийн орнууд гээд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй хүн оролцсон бөгөөд сүүлчийн шат Санкт-Петербургийн ойролцоох түүхэн ордон, музейн цогцолбор “Царское село”-д болж, Казахстаны баг түрүүлж байв.
2025 онд бүх багийг газарзүйн зарчмаар ангилж: хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд, Африк, Ази, Америк, Европ гэсэн хэсгүүдэд хуваарилах юм. Цахим шатанд шалгарсан шилдэг 10 баг Москвад ирж, оны төгсгөлд буюу арванхоёрдугаар сард болох сүүлчийн шатанд оролцоно. Сүүлчийн шатанд шалгарсан багийн замын болон байрны зардлыг зохион байгуулагчид бүрэн хариуцах аж.
Тэмцээний бүртгэл 2025 оны есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. ДАШТ-д ямар нэг хураамж төлөлгүй оролцоно.