
Скейтборд “хөлөглөсөн” хоёр тамирчин хамгийн хүнд хэцүү бартаат замаар аялахаар Монголд иржээ. Тодорхой хэлбэл, ОХУ-ын скейтбордын тамирчид болох Сергей Бастрыкин, Артем Владимиров нар Улаанбаатар - Арвайхээр - Баянхонгор - Алтай - Ховд - Өлгий маршрутын дагуу 1800 км замыг туулах аж. Тэд Монголд скейтбордын спортыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх хэтийн зорилготой. Улмаар өнөө өглөө (2025.09.10) Сүхбаатарын талбайд хэвлэлийнхэнтэй уулзаж, энэ талаараа мэдээлэл өгөөд, шууд аялалдаа гарсан юм.
Артем Владимиров: Монголын бартаат зам биднийг зогсоохгүй
-Монголд хэрэгжүүлэх гэж буй төслийнхөө талаар мэдээлэл өгөөч?
-Олон улсад Чингис хааны нутаг гэдгээр их нээлттэй байдаг. Харин бидний хувьд “хаалттай” улс. Үүнийг бид өөрийн нүдээр харж, биеэр туулж үзэх гэж Монголын сайхан оронд ирээд байна. Нөгөө талаар Оросын газарзүйн нийгэмлэг үүсэж байгуулагдсаны тэгш ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан манай нийгэмлэгээс Монголд "2 скейтборд-цорын ганц Монгол" төслийг хэрэгжүүлэх гэж байна. Аялах явцдаа Оросын томоохон интернет платформуудаар Монгол орныг сурталчилна.
-Монголын зам бартаа ихтэй, янз бүр байдаг. Та бүхэн явах газруудаа судалсан уу?
-Тийм. Бид нэг цагт 10-15 км яваад амрах юм. Монголын сайхан орноор байгалийн сайхныг харж, нүүдэлчин, малчин ардын ахуйтай танилцан аялахыг тэсэж ядан хүлээж байна.
Сергей Бастрыкин: Бид Монголыг өөрсдөдөө, бас оросуудад нээх зорилгоор аялж байна
-Бид замаа, замын чиглэлээ тодорхойлохдоо газар орчноо судалсан. Мөн бидэнд Оросын Алтай, Красноярскийн хязгаар, Хакасаар скейтбордоор аялсан туршлага бий. Та Монголын замыг хэр тооцож, аюулгүй байдлаа хангаж байгаа вэ гэж асууж байна. Маш зөв асуулт. Аяллын өмнө бид Монголын сэтгүүлчидтэй уулзаж байгаа нь нэг талаар биднийг монголчууд мэдээсэй гэж хүссэнийх юм. Аюулгүй байдлыг эрсдэлийг багасгана. Бидний эхний томоохон суурин газрууд болох Өвөрхангай, Баянхонгор аймгийн төвүүд дээр түр буудаллан амарч, зураг авч, техник хэрэгслээ цэнэглэнэ.
Мөн Монгол Улстай бид олон зуун жилийн турш хөрш оршсон. Манай оросын ард түмэн Монгол орны талаар их сонирхдог ч нээлттэй атлаа, хаалттай байдаг. Бид сонгосон маршрутаараа Монгол орны тухай, Чингис хааны тухай аяллын нэвтрүүлэг хийхээр зорьж байна. Скейтбордын хувьд хамгийн сүүлийн үеийн чанартай материал хийгдсэн аяллын замд асуудал үүсэхгүй гэж бодож байна. Аялах замаа өмнө нь маш сайн судалсан учраас замын саад бартаа ямар байх, хаана амар ч хаагуур яаж явахаа нарийн төлөвлөсөн. Бидний аялалын замд буюу Монголын хөдөө орон нутагт таарах жолооч нарт хандан хэлэхэд өнгийн хувцастай явах учраас танигдана гэж итгэж байна.
Тэдний аяллын үр дүнд баримтат кино гарах бөгөөд үүгээр дамжуулан Оросын томоохон интернэт платформуудаар Монгол орныг сурталчлан таниулах юм. Оросын газарзүйн нийгэмлэг нь Оросын хамгийн эртний олон нийтийн байгууллага бөгөөд ОХУ-ын төрийн тэргүүний дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус нийгэмлэгийн зорилго нь түүхэн ой санамжийг хадгалах, эх оронч хүмүүжлийг олгох, Оросын болон найрсаг харилцаатай улс орнуудын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд оршдог аж. Оросын газарзүйн нийгэмлэгийн тэргүүн нь ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга С.К.Шойгу бол Удирдах зөвлөлийг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин толгойлдог аж.