Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, Төв талбайд өчиг¬дөр жагсаал зохион байгууллаа. Эл холбооныхон багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх саналаа Боловсролын яам болон Засгийн газарт өнгөрсөн сард хүргүүлсэн ч төдийлөн шийдэлд хүрч чадаагүй байна. Улмаар энэхүү жагсаалыг зохион байгуулсан бөгөөд асуудлыг нь шийдэхгүй бол өлсгөлөн зарлахаа энэ үеэр илэрхийллээ. Жагсаалд зөвхөн нийслэлийн бус, орон нутгийн ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн багш нар оролцсон нь эл асуудал хэр хурцадсаныг харуулж буй юм.
Төв талбайд улаан, цэнхэр малгайтай, уриа лоозон барьсан хүмүүс бол багш нар. Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн залуу багш нар төдийгүй ерөнхий боловсролын сургуульд олон жил ажилласан, туршлагатай хүмүүс ч энд байна. Бага цалинтай, бичиг цаасны ажилд хэт дарагдсанаас үүдэн ажлаас халширч буйгаа тэд хэлж байв. Угтаа боловсрол бол нийгмийн суурь салбар. Тиймээс ирээдүйнмэдлэг боловсролтой, ур чадвартай, хүнлэг иргэнийг бэлтгэх гол үүрэгтэй хүмүүс нь багш нар. Хэдийгээр багш нар өөрсдийнхөө төлөө тэмцэж буй мэт боловч үүний цаана хүүхдүүдийн сурч боловсрох эрх давхар хөндөгдөж байна.
Өөрөөр хэлбэл, багш нарын ажил хаялтаас хамгийн ихээр хохирч буй хүмүүс бол хүүхдүүд юм. Уг нь үе үеийн боловсролын сайд нар багшийн цалинг нэмж, нийгмийн асуудлыг нь бүрэн шийднэ гэж амладаг. Үүнийг нь ч багш нар олон жил хүлээж, хүндхэн амьдарсны эцэст ямар ч үнэлэмжгүй, хамгийн бага цалинтай, нийгмийн “улны” хэсэг болж, дөнгөж хичээл эхлэх үеэр өдгөө хүүхдүүд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүйд хүрчхээд байна. Иймд эл жагсаалд оролцсон зарим багшийн байр суурийг хүргэе.
НИЙСЛЭЛИЙНХЭН ОРОН НУТГИЙН БАГШ НАРААС ХАРЬЦАНГУЙ БАГА ЦАЛИНТАЙ Ч АЧААЛАЛ ИХТЭЙ
н.АЛТАНЧИМЭГ (Нийслэлийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн дизайн технологийн багш):
Энэ жагсаал бол бид гэнэт шийдээд өнөөдөр гараад ирсэн зүйл биш. Миний хувьд боловсролын салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Тиймээс төрд ажилласны нэмэгдэл 25, зөвлөх зэргийн багшийн 20 хувийн нэмэгдэл авдаг. Гэсэн ч татвар, шимтгэлээ суутгуулаад гар дээрээ нэг сард хоёр сая хүрэхгүй төгрөгийн цалин авч байна. Залуу багш нар бол бүр ч хэцүү, 1.4 сая төгрөг хүрэхтэй үгүйтэй цалин авдаг. Холбогдох албан тушаалтнууд нь багш нарын дундаж цалин 2.5 сая төгрөгөөс эхэлдэг гэж “попрох” юм. Гэвч бодит байдалд бид 2.5 сая төгрөгийн цалин авдаггүй. Ялангуяа нийслэлийнхэн орон нутгийн багш нараас харьцангуй бага цалинтай хэрнээ ачаалал их. Орон нутгийн багш нар 20 хүүхэдтэй ажилладаг, дээрээс нь 20-30 хувийн тусгай нэмэгдэл авдаг. Гэтэл нийслэлд нэг анги 40-45 сурагчтай. Бас амралтын өдрүүдэд элдэв хурал, семинар гээд багш нарыг амраадаггүй. Мөн Улаанбаатарт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ мэтчилэн яриад байвал асуудал мундахгүй. Бие өвдлөө гэхэдцагнаргүйажилтайучраасулсынэмнэлэгт өдөржин дугаарлах боломжгүй. Хувийн эмнэлэг бараадъя гэхээр сарын цалингийнхаа гуравны нэгийг өгөх хэрэгтэй болно.
“ХЭН Ч ҮНЭЛДЭГГҮЙ УЧРААС ЭНЭ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ ХҮНГҮЙ БОЛЛОО”
(Нийслэлийн 79 дүгээр цэцэрлэгийн нэгэн багш): Бид багш нарын нийгмийн асуудлыг дорвитой шийдэж, цалинг 1000 ам.долларт хүргэхээр жагсаж байна. Бидний цалинг нэмэх хэрэгтэй гэхээр хүмүүс “Яасан шуналтай юм” гэдэг. Гэтэл үнэндээ цалин бол багш нарын ажлын бүтээмж, сургалтын чанарт ч шууд нөлөөлнө. Ер нь өнөөгийн Монголын нийгэмд багш нарын үнэ цэн үгүй болсон. Цалин багатай, хэн ч үнэлдэггүй учраас энэ мэргэжлийг сонгох хүнгүй боллоо. Үнэхээр хийж, бүтээх, хүүхдүүдэд ойлгуулчих юм сан гэсэн сэтгэл, зүтгэлтэй хүмүүс л ийм бага цалингаар одоо болтол ажиллаж байгаа. Өнөөдөр хувийн байгууллагын үйлчлэгч л 1.5 сая төгрөгийн цалин авч байна. Мөн цэцэрлэгийн багш нар амралтын өдөр бүр элдэв сургалтад хамрагддаг. Гэтэл шаардлагатай хэрэглэгдэхүүн нь байхгүй учраас үр дүнгүй.
Манай багш нар бага цалинтай ч сар бүр тодорхой хувийг нь цэцэрлэгийн тохижилтод хандивлах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сурах орчныг сайжруулахын тулд сар бүр цалингаасаа тодорхой хувийг нь өгдөг. Улсын цэцэрлэгийн хүүхдүүдэд өнөөдөр олигтой тоглоом ч алга. Ийм нөхцөлд бид ирээдүйн хүнлэг энэрэнгүй, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлтгэж чадахгүй шүү дээ.
Нэгэн англи хэлний багш “Манайх ам бүл дөрвүүлээ. Нөхөр бид хоёр ерөнхий боловсролын сургуульд багшлаад таван жил болж байна. Бид шимтгэл, суутгалаа хасуулаад сард гар дээрээ 1.4 сая төгрөг авдаг. Мөн анги даасны нэмэгдэл 50 мянган төгрөг авна. Гэсэн ч цалин маань амьдралд хүрэлцдэггүй. Хоёулаа багш учраас цаг наргүй ажиллана. Бас байр, машин, цалингийн зээлтэй. Амьдрал үнэхээр хүнд байгаа учраас ажил хаяж, жагсахаас өөр аргагүй байлаа. Ийм олон багш ажил хаяж, энд жагсахад цаана нь хэдэн хүүхэд хохирч буй бол гэж бодохоор яг үнэндээ уур хүрч байна” хэмээн ярилаа.
ЗӨВХӨН ЦАЛИНГИЙН АСУУДАЛ БУС, УЛС ТӨРИЙН ЗОРИЛГО БИЙ ЮҮ
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ болон Засгийн газарт эл салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэж, хүүхэд, багачуудын чанартай боловсрол олгох нөхцөлийг хангах шаардлага хүргүүлсэн билээ. Мөн тус салбарын онцлогийг харгалзан үзэж, багш, ажилтнуудыг орон тооны цомхотголд хамруулахгүй байх зэргийг дурдсан. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр Төв талбайд гарч ирэн, багш нарын шаардлагыг хүлээн авч, цалинг нэмэгдүүлэх асуудлаар хуулийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тэгвэл багш нарын тэмцлийн цаана зөвхөн цалингийн асуудал бус, улс төрийн зорилго бий юү, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах гэж ийн жагсаал зохион байгуулав уу гэж олон хүн хардаж байна. Тэгэхээр бид хичээлийн шинэ жил эхлээд нэг сар ч болоогүй энэ үед хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчиж, 100-гаад сургуулийн багш нарыг ингэж турхирах нь хэнд ашигтай вэ гэдгийг харах л үлдлээ.
Э.Сүйлэн