Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 22-28-нд зохион байгуулж байна. Мөн Баянхошууны Баруунсалаанд байрлах, 21 аймгийн малчид гар дээрээсээ бэлдсэн махаа зуучлагчгүйгээр худалдах цэг ажиллаж буй. Бид эдгээр газраар зочлон, мах, хүнсний ногооны үнийн өөрчлөлтийг сурвалжиллаа.
Энэ удаагийн “Намрын ногоон өдрүүд”-д 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 600 гаруй аж ахуйн нэгж оролцож, нийт 3000 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж буй. Төв цэнгэлдэх хүрээлэн рүү орох төдийд л үн¬дэсний үйлдвэрлэгчдийн баялаг бүтээгдэхүүнээр дүүргэсэн асрууд угтаж, шинэхэн ногоо, цагаан идээний тансаг үнэр сэнгэнэх аж. Орон нутгийн тариаланчид, өрхийн бизнес эрхлэгчид хамаг л өнгө үзэмжтэй, амт шимттэй, сайн гэсэн болгоноо ийн дэлгэж, аймгууд өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээр асраа өнгөлжээ. Тухайлбал, Сэлэнгийнхэн олон төрлийн зөгийн бал, даршилсан ногоотой ирсэн бол Булганынхан уруул чимчигнүүлэм айрагтай эл үзэсгэлэн, худалдаанд оролцож байна. Тэдний дундаас хөл хөдөлгөөн хамгийн ихтэй нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын худалдаа эрхлэгчдийн асар байв. Тэд европ технологиор үйлдвэрлэсэн чеддар болон гоуда бяслагийг хэрхэн хийдэг тухайгаа иргэ¬дэд сонирхуулж, амталгаат худалдаа явуулж байсан нь энэ. Нэг кг нь 55-60 мянган төгрөгийн үнэтэй уг бяслаг нийслэлчүүдийн таашаалд ихэд нийцэж буйг иргэд хэллээ.
Стадионд хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ааруул хурууд, зөгийн балаас эхлээд үндэсний үйлдвэрлэгчдийн сэтгэл дэвсэн тарьж ургуулсан бараа, бүтээгдэхүүн цөм бий. Ингэхдээ 21 аймгаас шалгарсан брэнд бүтээгдэхүүнүүдийг ямар нэгэн нэмэлт өртөг шингээлгүйгээр иргэдийн гарт хүргэж буйгаараа онцлогтой юм. Тухайлбал, улаан лооль дунджаар 7500-8000, амтат чинжүү 11-12 мянга, өргөст хэмх 9000, төмс 2500, сонгино 3500, манжин 4000, саримс 35 000 төгрөгийн үнэтэй аж.
Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэн Г.Алтанчимэг “Миний хувьд жил бүр “Намрын ногоон өдрүүд”-ийг зорин ирж ховрын бараа цуглуулдаг уламжлалтай. Нэг литр зөгийн балыг өнөөдөр 30 мянган төгрөгөөр авлаа. Мөн Дархан-Уул аймгийн асраас, цэвэрлэж, бэлтгэсэн малын дотор гэдэс 15 мянган төгрөгөөр худалдан авсан. Бас Сэлэнгийн тариаланчдаас сонгино, хулуу, төмс, лууван, манжин, байцай гээд нэг уут ногоо авахад 20 мянган төгрөг төллөө. Үнийн хувьд “E mart”, “Оргил” зэрэг томоохон зах, худалдааны төвүүдтэй харьцуулахад хямд юм байна” хэмээв.
УРГАЦ ХУРААЛТ МУУ БАЙСНААС ҮҮДЭН ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ
Нийслэлийн авто замын түгжрэл, зогсоолын хүрэлцээгүй байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан иргэд хүссэн бараа, бүтээгдэхүүнээ авахад багагүй бэрхшээл тулгардаг билээ. Иймд олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг дор хямд үнээр худалдан авах боломжтой учраас иргэд эл үзэсгэлэн, худалдааг зорин ирэх нь элбэг. Гэвч өмнөх онуудынхтай харьцуулахад өнөө жил өргөн хэрэглээний хүнсний ногооны үнэ 20-30 хувь өссөн тухай иргэд хэллээ. Тухайлбал, нэгэн иргэн “Эл үзэсгэлэн, худалдааг анх удаа зорин ирж байна. “Алтан намар”-тай харьцуулахад худалдаж буй хүнсний ногоонууд үнэтэй санагдлаа. Үзэсгэлэн, худалдаа гэдэг утгаараа бүхнийг нэг дороос, арай илүү сонголттой авах боломжтой гэдэг нь л давуу тал бололтой” гэв. Тэгвэл Сэлэнгэ аймгийн ногоочин Н.Шүрэнцэцэг “Энэ жил хаа сайгүй л ургац хураалт муу байсан нь өмнөх жилүүдийг бодвол 500-1000 төгрөгөөр үнээ нэмэхэд хүргэсэн. Гэхдээ дундын зуучгүйгээр иргэдэд шууд хүргэж байгаа учраас зах зээлийн үнээс мэдээж хямд” гэсэн юм.
ХЯМД БОЛОВЧ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАНГҮЙ
Эндээс бид Баянхошууны Баруунсалаанд байрлах “21 аймгийн малчид гар дээрээ бэлдсэн махаа өөрсдөө худалдаалах цэг”-ийг зорилоо. Биднийг очиход мах зарах зориулалттай чингэлэгт засвар хийж буй учраас өнөөдөр ажиллахгүй гэсэн юм. Улмаар малчид уг павильоны ард байрлах хашаанд автомашинаа байрлуулан, багааж болон тэвшин дээрээсээ мах зарж бай¬в.
Малчны хотноос мах маш олон шат дамж лага дамжиж, тэр болгонд үнэ нь нэмэгдсээр эцэст нь хэрэглэгчдийн гарт хүрдэг. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, хаана, хэрхэн хадгалсан нь ч мэдэгдэхгүй махыг нийслэлчүүд худалдан авах нь түгээмэл. Улмаар хэт үнэтэй ч амт, чанаргүй, резин шиг хатуу мах худалдан авч, хүнсэндээ хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг. Тэгвэл эл асуудлуудыг шийдэж, малчид болон хэрэглэгчид хоорондын зуучлагчгүйгээр мах худалдан авах боломжийг иргэн Амгаланбаатар санаачлан хэрэгжүүлжээ. Ингэхдээ тэрбээр кг тутмын үнийг нь бусад зах, худалдааны төвөөс даруй 3-10 мянган төгрөгөөр хямд байхаар тогтоосон нь худалдан авагчдад таатай нөхцөл бүрдүүлээд буй юм. Өөрөөр хэлбэл, энд адууны мах 10 500, үхрийнх 14 000, хониных 11 500 төгрөгийн үнэтэй байна.
Гэвч хямд үнэтэй гээд эрүүл ахуйн стандартад нийцээгүй бохир орчинд хүнсний бүтээгдэхүүн худалдаж болохгүй. Шороо, тоос, шавар шавхайтайгаа холилдсон газарт малчид автомашиныхаа тэвшнээс махаа борлуулж буй. Гэтэл тэдний машинаа байрлуулсан хэсгээс 10 хү¬ рэхгүй алхмын цаана овоолоостой хогийн цэг бий. Мөн үер буудаг хэсэгт байрладаг тул бороо орохоор шавар шавхайтайгаа холилддог гэнэ. Түүнчлэн авто зам дагуу учраас машин өнгөрөх бүрд шороо, тоос манарах аж.
БОД МАЛААС 50, БОГООС 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТАТВАР АВЧ БАЙНА
Зохион байгуулагчид малчдыг хашаандаа оруулахдаа шаардлагатай бичиг баримтыг нь шалгаагүйгээс гадна мал тус бүрээс татвар авахаа урьдчилж мэдэгдээгүй аж. Энд буй хүмүүсийн олонх нь цахим орчноос мэдээлэл авч, малчид, хэрэглэгчдийн хооронд дундын зуучлагчгүйгээр махаа борлуулах боломж бүрдүүлсэнд олзуурхан иржээ. Гэвч бодит байдалд хаа холоос зориод ирсэн малчдыг ийнхүү “маллаж”, хямд үнээр халхавчлан татвар гэх нэрээр ашиг олох сонирхол цаана нь нуугдаж байсныг хэн мэдэх билээ.
Хамгийн хоржоонтой нь анхнаасаа татвар, түрээсийн талаар мэдээлэл өгөөгүй байж гэнэт мөнгө нэхэх ёсгүй хэмээн малчдыг зохион байгуулагчдад хандахад “Та нар зах дээр очоод махаа борлуулаад үз. “Хүчит шонхор”-т л гэхэд нэг бод малаас 125 мянган төгрөгийн татвар авна. Гэтэл манайх хоёр дахин хямд үнээр борлуулж байна. Чадахгүй бол махаа аваад гар” хэмээн унтууцдаг гэнэ. Ингэхдээ зохион байгуулагч болох эмэгтэй өөрийн хэн болох, ямар албан тушаалтайгаа ч танилцуулаагүйн дээр тамга тэмдэг ч үгүй цаасан дээр гарын үсэг зуруулж, зарсан малынх нь толгойн тоогоор бодож, мөнгө авчээ.
Архангай аймгаас хоёр хоногийн өмнө ирсэн нэгэн иргэн “Бидэнд анхнаасаа татвар авна гэж хэлээгүй. Бид айлын хашаанд ирж, махаа зарж байгаа учраас тодорхой хэмжээний түрээс л төлнө гэж бодсон. Гэтэл бод мал бүрээс 50, богоос 20 мянган төгрөгийн татвар авч байна. Бас мөнгө хураасан хүн өөрийн хэн болохоо ч танилцуулаагүй. Ямар ч тамга тэмдэггүй цаас авчраад л мөнгө авсан. Яг үнэндээ нэг бод малаас 50 мянга гэдэг бол хэтэрхий үнэтэй. Уг нь дундын зуучлагч, нэмэлт татваргүй гэхээр нь бид хаа холоос зориод ирсэн шүү дээ. Гэтэл гэнэт л татвар, төлбөр нэхсэн” гэв.
Мөн тус байршилд шуудай борлуулдаг иргэн Н.Энхтүвшин “Намайг 05.00 цагт ирэхэд л автомашинууд дугаарлаад зогсчихдог. Орон сууцын хорооллын дундах мах, ногооны мухлагтай хүмүүс болон ченжүүд ирж авдаг. Шилэгдэж үлдсэн өнгө үзэмж муутай, хатаж хорчийсныг нь л иргэд авч байна. Тиймээс ченжүүдийг оруулахгүйгээр зөвхөн иргэдэд л зарах хэрэгтэй” гэлээ. Тэгвэл мах худалдан авсан иргэд “Захаас хямд үнэтэй ч эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй бохир орчинд хүнсний бүтээгдэхүүн худалдаж байна” гэх аж.
Үндэсний статистикийн хорооныхон Улаанбаатар хотын хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг энэ сарын 22-нд танилцууллаа. Үүнд ямааны ястай мах өмнөх долоо хоногийнхоос дөрвөн хувиар өсөж, 12 637 төгрөгт хүрчээ. Мөн үхрийн махны үнэ 0.3 хувиар өсөж, 20 803 төгрөг болсон бол хониных 0.6 хувиар буурч, 16 664 төгрөг болжээ. Харин “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээтэй холбоотойгоор сонгино болон төмсний үнэ хоёр хүртэлх хувиар буурч, 3856, 2478 болсон байна. Түүнчлэн нэг кг гурилын дундаж үнэ 0.7 хувиар өсөж, 2459 төгрөг болсноос өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ “хөөрсөн” хэвээр байгааг харууллаа. Гэсэн ч гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будаа нэг кг нь 4913, элсэн чихэр 4952 төгрөг буюу өндөр үнэтэй хэвээр аж.
Э.Сүйлэн