Улсын хэмжээнд томууны А хүрээний вирус алаг цоог бүртгэгдэж эхэлснийг эрүүл мэндийн байгууллагуудаас сэрэмжлүүллээ. Энэ нь томууны улирал эхэлж буйн дохио аж. Тиймээс II, III шатлалын эмнэлгүүдийн зарим нь томуу, томуу төст зургаан төрлийн өвчнийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур ашиглаж байгаа гэнэ. Уг тестээр томууны А, В хүрээний H1N1, H3N2, “Ковид-19”, адено, рино, MP зэрэг вирусийг ялган оношилж байна.
Өдгөө тархаад буй томууны А хүрээний вирус нь хоолой өвчлүүлж, өндөр халууруулан, улмаар уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй гэв. Томуу төст өвчин нь нус гоожих, хамар битүүрэх, ханиах зэрэг шинж тэмдэг голлож, харьцангуй хөнгөн явцтай, түргэн илаарьшдаг бол томууны вирус богино хугацаанд хатгалгаа болгодгийг эмч нар анхааруулсан. Иймд ханиад хүрч, халуурсан тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаж, вирусийг ялган оношлуулж, тохир¬сон эмчилгээг эмчийн заавраар хийлгэх шаардлагатай. Тэр дундаа тав хүртэлх насныханд ханиад, томуу хүнд тусдаг учраас амны хаалт тогтмол зүүлгэх, олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, аминдэмээр баялаг хоол, жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглүүлэх, гарыг нь тогтмол угаалгаж, ам, хоолойг нь давс, содын уусмалаар зайлуулахыг зөвлөлөө.
Ташрамд дурдахад, манай улс өнөө жил улирлын томууны вакциныг харьцангуй эрт буюу өнгөрсөн есдүгээр энэ сарын 15-наас орон даяар хийж эхэлсэн билээ. Ингэхдээ уламжлал ёсоор тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг, хууч эмгэгтэй хүмүүс, эмнэлгийн ажилтнуудыг вакцинд үнэ төлбөргүй хамруулсан. ДЭМБ-аас зөвлөсний дагуу, 2025- 2026 онд дэгдэж болзошгүй, томууны вирусний эсрэг олон цэнт нийт 300 000 хүн тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоодын ханган нийлүүлэгчдээр дамжуулан худалдан авч, дээрх зорилтот бүлгийнхнийг 90 гаруй хувьтай дархлаажуулсныг албаныхан мэдээлсэн юм.
О.Оргилох