Тайванийн Тайпэй хотод энэ сарын 21-25 хүртэл үргэлжлэх олс таталтын олон улсын тэмцээнд улсаа төлөөлж оролцохоор Багануур дүүргийн “Уурхайчин” багийнхан бэлтгэл сургуулилалтаа базааж буй. Тус тэмцээн нь ирэх жилийн гуравдугаар сард болох ДАШТ-ий өмнөх томоохон сорил болох юм. Манайхан Малайзын Лангкави хотод хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах олс таталтын тэмцээнд дасгалжуулагч Б.Баттулгын удирдлагад оролцохдоо гадаах талбай, элсэн дээрх төрлийн холимог ангилалд (580 кг-ын жинд) өрсөлдөж, мөнгөн медальтай ирсэн билээ. Олон улсын олс таталтын холбооны албан ёсны шүүгчид дэнслэх ДАШТ-д Монголын баг тивийн тэмцээнд эхний гурван байрт шалгарсан амжилтаараа оролцох эрх авчээ.
Г.Цэцэг