АНЭУ-д эхэлсэн сонирхогчдын боксын ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Х.Хайнарын удирдлагад зургаан тамирчин өрсөлдөхөөр Дубайд хөл тавьсан. Энэ сарын 13-нд өндөрлөх тус тэмцээнд эрэгтэйчүүдээс 54 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 63.5 кг-д спортын мастер А.Даваадалай, 67 кг-д А.Жандос, +98 кг-д Х.Бекнур нар рингэнд тулалдах нь.
Ташрамд дуулгахад, Азийн боксын холбоо Улаанбаатар хотод тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх жилийн гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11 хүртэл зохион байгуулахыг албан ёсоор баталгаажууллаа. Энэ нь ДАШТ-ий дараа эрэмбэлэгдэх, хамгийн өндөр чансааны оноо олгох тэмцээний нэг юм. Дэлхийн боксын холбооны дүрмийн 1.10.11 дүгээр зүйлийн дагуу чансааг шинэчлэн онооны системээр тогтоодог болсон тул эл тэмцээн нь тамирчдын оноонд томоохон нөлөө үзүүлнэ. Азийн АШТ-д алтан медаль хүртвэл 800, мөнгөн медаль гардвал 500, хүрэл медаль зүүвэл 300 оноо олгох аж. Харин V-VIII байр эзэлсэн нь 150 оноо авна.