Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өчигдөр тохиов. Энэ жил “Сайн сайхан нийгмийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангая” уриан дор тэмдэглэж байна. Манай улсад 2024 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн бүртгэгдсэний 14 мянга гаруй нь хүү хэд аж. Хөдөлмөрийн насны 89 мянган иргэний ердөө 18 хувь нь ажил эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхгүй байгааг иргэний нийгмийн байгууллагынхан Ерөнхий сайд Г.Занданшатартай уржигдар уулзахдаа уламжилсан байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаагүй бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд нөхөн төлбөр төлөх хуультай. Энэ жил уг санд 3.6 тэрбум төгрөг төвлөрчээ. Нөхөн төлбөрийн хэмжээ, ажил эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хол зөрүүтэй нь хуулийн хэрэгжилт хангалтгүй, хяналт сул байгаагийн илрэл гэж тэд үзэж буй.
Харин Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болгох талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, танилцуулахаар шийдвэрлэв. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Шинэ журмаар зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд дарга нь төрийн бус байгууллагын төлөөлөл байхаар тусгажээ.
Ташрамд, эл өдрийг тохиолдуулан баялаг бүтээгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил, үйлчилгээг олон нийтэд танилцуулах, хамтрах боломж бүрдүүлэх зорилгоор “UB ability expo2025” арга хэмжээг зохион байгуулав. Мөн төрийн зарим үйлчилгээг шуурхай үзүүлж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр гаргасан хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэжээ.
Ч.Болор