Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах 23 дахь удаагийн ёслолын ажиллагаа энэ сарын 10-нд “Чингис” зочид буудалд болох юм. Спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг уг наадмыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин агсан санаачилсан. 2002 онд анх зохион байгуулахад “Бөртэ чоно” цомыг чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар гардаж байв. Харин уг шагналыг хамгийн олон хүртсэн нь олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар. Тэрбээр 2004, 2006, 2009 онд “Бөртэ чоно”-ын эзэн болсон билээ.
Тэгвэл тус ёслолын ажиллагаанд оролцуулахаар спортын холбоод тэмцээн, уралдаанд амжилт гаргасан тамирчдынхаа нэрийг дэвшүүлж эхэллээ. Тухайлбал, Үндэсний сур харвааны холбоо энэ удаа Б.Ганзоригийг шилдгүүдтэй сойсон нь учиртай. Тэрбээр БНСУ-ын Ульсан хотод өнгөрсөн сард болсон уламжлалт харвааны “Дэлхийн цом”-д цэц сорихдоо 30, 70 метрийн зайд тэргүүлж, хошой алтан медалийн эзэн болж, бүх зайн нийлбэр дүнгээр гран при шагнал хүртсэн юм. Боксын эмэгтэйчүүдийн шигшээ багаас Л.Алтанцэцэг нэр дэвшсэн тамирчдын жагсаалтад багтав. Дэлхийн боксын холбооноос Британийн Ливерпүүл хотод зохион байгуулсан (есдүгээр сарын 4-14) боксын ДАШТ-д тэрбээр 48 кг-ын жинд Монголын багийн шагналын салхийг хагалан хүрэл медаль хүртэж, өмнөх тэмцээний амжилтаа бататгасан. Энэтхэг, Британийн дэвжээнд жингийнхээ хүчтэй өрсөлдөгчдийг буулгаж авсан түүний амаргүй тулаан олныг огшоосон билээ. Монголын гимнастикийн спортын 104 жилийн түүхэнд насанд хүрэгчдийн ангилалд анх удаа “Дэлхийн цом”-ын харайлтын төрөлд IV байрт шалгарсан амжилтаар шигшээ багийн тамирчин Д.Энхтүвшинг дээрх наадамд “уралдуулах”-аар холбоо нь санал болгожээ. Түүнчлэн багийн спортын төрлөөс 3x3 сагсан бөмбөгийн тамирчид нэр дэвшив. Улаанбаатар хотод болсон ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтын финалд тэд олимпын наадамд түрүүлсэн Европын болон Ази тивд чансааны эхэнд бичигддэг шилдэг багуудыг хожиж, медальгүй нутагт нь буцаасан түүхэн үйл явдал дэлхийн үзэгчдийг гайхшируулсан. Нутгийнхаа талбайд Европын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Нидерландын шигшээтэй аваргын төлөө ширүүхэн өрсөлдөж, мөнгөн медаль зүүсэн нь тивийн орнуудын хувьд ойрд дуулдаагүй томоохон амжилт байв. Зуны олимпын наадмын багийн спортын төрөлд багтсан 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргын анхны медалийг Азиас Монголын тоглогчид хүртэж, анхдагч түүчээ нь болсон. Эмэгтэй жүдочдоос Б.Ганхайчийг бөхийн хорхойтнууд уг шагналыг гардах баярт мөч ирнэ гэж итгэж хүлээдэг. Тэрбээр Унгарын Будапешт хотод өнгөрсөн зургаадугаар сард болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д 63 кг-д зодоглож, хүрэл медаль хүртсэн. Зургаа дахь удаагаа тус тэмцээнд оролцсон тэрбээр Тажикистаны Душанбе, Монголын Улаанбаатар хотод зохион байгуулсан “Их дуулга”-д түрүүлж байв. Өвлийн олимпод өрсөлддөг гүйлтийн цанын тамирчдаас “Милан-Кортина 2026”-д хурд сорих эрхээ авсан Б.Ачбадрахын нэр шилдгүүдийн жагсаалтад бичигджээ. Тэрбээр БНСУ-ын Пёнчан хотод өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан дугуйт цанын насанд хүрэгчдийн “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медальтай ирсэн. Монголын цаначдаас онцгой амжилт үзүүлсэн түүний ур чадвар тивдээ хүчтэй өрсөлдөгч гэдгийг баталсаар байна. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багаас Азийн аварга, “Ханжоу 2022” Азийн наадмын алтан медальт Т.Тулга энэ шагналыг гардах болзол хангасан тамирчин. Тэрбээр Хорватын Загреб хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д үзүүрлэж, улсынхаа багт мөнгөн медаль авчирсан удаатай.