
“Цөмийн эрчим хүч: Ирээдүй рүү хийх алхам” сэдэвт Монгол-Оросын уулзалт семинар Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу Улаанбаатар дахь Русский дом-д өнөөдөр (2025.11.12) боллоо.
“Мон Атом” компани, Шинэ Хархорум хотын зөвлөлийн дэмжлэгтэй зохион байгуулсан уулзалтад ОХУ-ын “Рос Атом” корпорацийн төлөөлөгчид, цөмийн салбарын эрдэмтэн, мэргэжилтэн, шинжээчид, Монгол Улсын ШУА-ийн удирдлага оролцлоо. Уулзалтыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков нээж үг хэлэв.
Тэрбээр “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад анх айлчилж байхдаа цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах, энэ талаар хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж гарын үсэг зурж байсан.
Өнөөдрийн семинар уулзалтаар дээрх хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хоёр улсын тал санал солилцож байна.
Бидний хэлэлцүүлэг яриа зөвхөн Монголд цөмийн бага хүчин чадлын цахилгаан станц барих талаар хязгаарлагдаагүй, мөн бусад асуудлыг хөндөн хэлэлцэж байна. Цөмийн энергийг ашиглаж болох экологи болон боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах өргөн нөөц бололцоо бий” хэмээнонцолсон юм.
Тэгвэл уулзалтад оролцсон “Рос Атом” корпорацийн Монгол дахь төлөөлөгч Сергей Демин хэлэхдээ, бага оврын цөмийн цахилгаан станц барьж байгуулах нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд түлхэц өгч, тус улсын технологийн бие даасан байдлыг бэхжүүлэх боломжтой томоохон дэд бүтцийн төсөл юм гэдгийг тэмдэглэсэн юм.
Мөн цааш нь хэлэхдээ, “Росатом” нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шилдэг практик туршлагаа солилцох асуудлыг уламжлал ёсоор дэмжиж байна. Учир нь зөвхөн хамтдаа, хамтын хүчээр бид цөмийн салбарын аюулгүй, тогтвортой, инновацийн хөгжлийг хангаж, цэвэр эрчим хүч, цөмийн анагаах ухааны дэвшилтэт аргууд, шинэ материал, орчин үеийн цахим технологиор дамжуулан хүмүүсийн амьдралыг сайжруулж чадна гэв.
Бид цөмийн эрчим хүчний салбарт Монгол Улстай түншлэлээ өргөжүүлэх нь ирээдүйтэй бөгөөд чухал. Монголд Оросын загвараар бага оврын цөмийн цахилгаан станц барих нь ирэх хэдэн арван жилийн хугацаанд Монгол, Оросын хамтын ажиллагааны тэргүүлэх төсөл болж чадна гэдэгт бид итгэлтэй байна.
Одоогийн байдлаар бид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бага оврын цөмийн цахилгаан станц барихаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг гол зорилгоо гэж үзэж байна гэсэн юм.
Уулзалт семинарт “Рос Атом” корпорацийн маркетингийн удирдлагын багийн гишүүн Марина Лосева “Рос Атом”-ын цөмийн энергийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцууллаа.
“Рос Атом” нь төрийн өмчит корпораци бөгөөд эрчим хүч, машин техник, барилга болон бусад салбар дахь хөрөнгийг нэгтгэсэн олон талт холдинг компани аж. Корпорцийн стратеги нь салхины эрчим хүч зэрэг бага нүүрстөрөгчийг гаргадаг эрчим хүч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршдог.
Корпораци нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх салбарт Орост тэргүүлж, тус улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 20 орчим хувийг гаргадаг. Мөн цөмийн цахилгаан станц барих захиалгын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 11 оронд 41 эрчим хүчний байгууламжийг барьж буй.
“Рос Атом” нь бага оврын цөмийн цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлсэн олон жилийн туршлагатай. Ийм станцууд сүүлийн жилүүдэд дэлхийн цөмийн зах зээлийн гол чиг хандлага гэж нэрлэгдэх болсон.
Эдгээр нь аль хэдийн их хүчин чадалтай цөмийн цахилгаан станц ажиллуулж байгаа улс орнууд болон цөмийн эрчим хүчийг хэрэглэж эхлэх талаар төлөвлөж буй улс орнууд аль аль нь сонирхож байна. Оросын хамгийн хойд хэсэгт орших Певек хотод хөвөгч станц тав гаруй жил ажиллаж байна. Хуурай газрын анхны бага оврын цөмийн цахилгаан станцыг Бүгд Найрамдах Якут Улсын Усть-Куйга хотод барьж байгаа бөгөөд томоохон түүхий эдийн кластерын эрчим хүчний цөм болох аж.
2024 онд ОХУ бага оврын цөмийн цахилгаан станц барих дэлхийн анхны экспортын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд “Рос Атом” нь Узбекистан улсад ийм станц барих болно. Мөн Мьянмартай бага оврын цөмийн цахилгаан станц барих хамтын ажиллагааны зарчмын талаар Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсныг энд танилцуулав.
Монголд бага оврын АЦС барих нь зөвхөн Монгол, Орос бус, олон улсын төсөл юм
Бид уулзалтыг зохион байгуулагч “Мон Атом” компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.
Тэрбээр Монгол Улсад барихаар төлөвлөж буй АЦС-ын төслийн хүрээнд хоёр орны эрдэмтэн судлаачид харилцан солилцож байгааг дуулгалаа. Мөн ОХУ, Монголоос гадна Турк, Францын мэргэжилтнүүд оролцож байгаа. Энэ утгаар энэ бол зөвхөн хоёр орны бус, 3-4 дэх орныг оролцуулсан олон улсын том хэмжээний төсөл гэдгийг тодотгосон.
-Турк, Франц улсын мэргэжилтнүүд ямар оролцоотой оролцох вэ?
-Энэ бол олон улсын төсөл. Турк, Францын мэргэжилтнүүд дэд бүтцүүдийн төсөлд туслан гүйцэтгэгчээр болон зарим дагалдах төслүүд дээр хамтарч ажиллах юм.
-Манай улсад цөмийн энергийн чиглэлээр хүний нөөц буюу боловсон хүчин хэр хангагдаж байна. Өмнө нь Оросын цөмийн энергийн хүрээлэн Дубнад монголчууд ажиллаж, сурч төгсөж байсан. Энэ байдал хэвээрээ юү?
-Энэ удаагийн семинар уулзалтаар ОХУ-ын талаас бага оврын АЦС-ын төслөө танилцуулж байна. Монголд барих талаар шийдвэр бол хараахан гараагүй шүү дээ.
Эхний ээлжинд бид мэдээлэл цуглуулаад хоёр талын эрдэмтэн, мэргэжилтнүүд мэдээллээ харилцан солилцож байна. Нөгөө талаар бид цөмийн эрчим хүчний талаар хүмүүст мэдлэг, зөв ойлголтыг өгөх зорилгоор мөн семинарыг зохион байгуулж эхэлсэн.
Тэрбээр боловсон хүчний хувьд Монгол Улс ОХУ-тай цөмийн энергийн мэргэжилтэн эрдэмтдийг бэлтгэж ирсэн уламжлалтай. Одоо харин мэргэжилтнүүдийг шинээр бэлтгэх шаардлагатай байгаа гэв.
Мөн Эрчим хүчний эдийн засгийн хүрэээнгийн секторын ахлагч Д.Эрдэнэбат “Цөмийн эрчим хүчний станцыг Хархорумд барихаар бол эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн системд холбогдоно. Энэ утгаар байршлын хувьд ч тэр эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй байх юм” хэмээсэн бол ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн судлаач Ш.Молор цөмийн энергийг ашиглах, хэрэгжүүлэх төсөл нь урт хугацааны үйл явц байдгийг тодотгов.
Цөмийн эрчим хүч ашиглах бодлого хэрэгжүүлэх, энэ талын суурь судалгааг хийж 2028 он гэхэд ТЭЗҮ-ийг боловсруулан Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь манай улсын нийт эрчим хүчний хэрэглээний 10-15 хувийг цөмийн эрчим хүчээр хангах зорилготой. Энэ талаар төр, засгаас тодорхой шийдвэр гаргавал, 2035 он гэхэд Шинэ Хархорум хотод 300-600 мегаватт-ын хүчин чадалтай станц барихаар төлөвлөж байна.