Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн МонголЯпоны эмнэлгийн “Багшийн эрүүл мэндийг дэмжих төв”-ийнхөн хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарыг зонхилон тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх ур чадварт сургасан байна. Өөрөөр хэлбэл, нийслэл болон орон нутгийн боловсролын сургалтын байгууллагын эмч нарт цахим, танхим хосолсон сургалтыг дээрх сэдвийн хүрээнд 14 хоногийн турш зохион байгуулжээ. Сургалтад цэцэрлэгийн 317, ерөнхий боловсролын сургуулийн 243, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын 15 нийт 575 эмч хамрагдсан байна. Боловсролын салбар дахь эрүүл мэндийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаас эхлээд сургуулийн орчны хоол тэжээлийн үнэлгээ, умайн хүзүүний хорт хавдрын эсрэг дархлаажуулалтын явц, стресс менежмент, тууралтат болон гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, багачуудын дархлааг дэмжих, амьсгалын замын өвчин, дэлгэцийн хэрэглээ, донтолт, амиа хорлолт зэрэг сэдвээр номын дуу сонсгожээ.
Ч.Болор