Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Жил бүрийн энэ өдөр олон улсад дутуу төрсөн нярайн эрүүл мэндийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулдаг. Манай улсад ч үүнтэй адил арга хэмжээнүүдийг ЭХЭМҮТ, төрөх эмнэлгүүд зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жил нийслэлийн “Өргөө” амаржих газраас “Дутуу төрөлтөөс сэргийлэх нь” сэдэвт өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгөөр ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтэн, доктор Б.Болорчимэг “Дутуу төрөлтөөс сэргийлэх арга замууд”, “Өргөө” амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч Б.Өлзийхишиг “Дутуу нярайн онцлог, эмчилгээ, оношилгоо, урт хугацааны хяналт”, тус тасгийн арга зүйч Ч.Баасанжаргал “Дутуу нярайн асаргаа, сувилгааны онцлог”, “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн үргүйдэл, эмэгтэйчүүдийн эмч, Т.Ганжигүүр “Өсөлтгүй жирэмслэлт ба түүний генетикийн шалтгаан, оношилгоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Дутуу төрөлт гэдэг нь жирэмсний 22-37 долоон хоногтойд нярайлахыг хэлнэ. Манайд жил ирэх тусам эл тохиолдол нэмэгдэж, нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсоор буйг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанд онцолжээ. Тодруулбал, 1000 амьд төрөлт дэх нярайн эндэгдлийн түвшин найм байгаа нь бүсийн улс орнуудын дундаж үзүүлэлтээс хоёроор олон дүн юм. Нярайн эндэгдэл дотор эрт үеийн (цөөн хоногтой) эзлэх хувь хамгийн өндөр буюу 65.2 байна. Тиймээс төрөлт хоорондын зайг зөв төлөвлөх, жирэмслэлтийн үеийн амьдралын хэв маяг, хоол, хүнсэнд анхаарснаар дутуу болон амьгүй төрөлтийг багасгах, улмаар эх, нярайн эндэгдлийг бууруулах боломжтой аж.
О.Оргилох