Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг Улаанбаатарт өвөл ирэхтэй зэрэгцэн иргэд авто¬бусны буудал дээр “мөхөөлдөс” болтлоо хэн нь удаан тэсэх вэ гэдэг “туршилт”-д ордог. Амнаас нь уур савсаж, ороолт, малгай нь цантсан хүмүүс өнгөрсөн даваа гарагт төв зам дагуух буудал болгон дээр автобус хүлээн зогсож байв. Залуус утсаараа автобус хаана явж байгааг шалгачхаад гараа халаас руугаа хурдхан шиг хийх бол биедээ ахадсан цүнх үүрсэн хүүхдүүд даарсандаа нааш цааш холхиж ядан тэвчих аж. Ахмад настнууд төмөр сандалд хайруулан, автобус хүлээх нь тэсвэр тэвчээрийн хязгаарыг сорих уралдаанд оролцож буй гэмээр. Ингээд удтал хүлээсний эцэст М:1 “Офицеруудын ордон-Таван шар” чиглэлийн автобус ирсэн ч зорчигчдын олонх нь багталгүй үлдэв. Ийн “гологдсон зорчигчид” дараагийн автобус ирэхийг дахиад л хүлээх, эсвэл хасах 20 хэмийн хүйтэнд алхахаас өөр сонголт үлдсэнгүй бололтой. Алхмаар байвч явган хүний зам хангалтгүйгээс гадна халтиргаа гулгаа ихтэй тул гэмтэж, бэртэх магадлал өндөр
АВСТРИЙН ВЕНАД АВТОБУСНЫ ҮҮРГИЙГ МЕТРО ГҮЙЦЭТГЭДЭГ
Өмнө нь иргэд нийтийн тээврийн хүртээмж, цэвэр цэмцгэр байдал, техникийн бүрэн бүтнээс шалтгаалан автобусанд суухаас зайлсхийдэг байв. Тиймээс хотын удирдлагууд нийтийн тээврийн хүртээмж, түгжрэлийг шийдэх зорилгоор өнгөрсөн онд 600 орчим автобусаар парк шинэчлэл хийсэн байдаг. Хэрэв та анзаарсан бол өнгөрсөн сараас эхлээд зарим чиглэлийг өөрчилж, богино рейстэй болгосон. Гэсэн ч бодит байдалд автобусны хүртээмж, үйлчилгээ сайжирсангүй. Харин ч эсрэгээрээ автобус бүр л нүдний гэм болж, нийслэлчүүд ажил, сургуулиасаа хоцрох нь энүүхэнд.
Улаанбаатар хоттой хүн амаараа ойролцоо, 1.9 сая оршин суугчтай Австрийн Вена хот нийтийн тээврийн ердөө 486 автобустай. Үүнээс гадна 740 орчим метро, 400 гаруй трамвайтай бөгөөд эдгээр нь тусгай замаар явдаг тул түгжирдэггүйгээрээ онцлогтой. Мөн нэг метронд 900 хүн суух хүчин чадалтай байдаг нь 8-9 автобусны ажлыг ганцаараа гүйцэтгэдэг гэсэн үг. Харин манайд 2015 онд нийслэлийн хүн ам 1.3 сая байхад нийтийн тээврийн их багтаамжийн 840 автобусаар иргэдэд үйлчилж байв. Өдгөө хүн ам даруй 400 мянгаар өссөн байтал автобусны тоо ердөө 1077 болж нэмэгдсэн байна. Энэ нь хүн амын өсөлттэй харьцуулахад автобусны тоо хангалтгүй, иргэдийн хэрэгцээг огт хангаж чадахгүй байгааг илтгэнэ.
ЗӨВХӨН МОНГОЛЧУУД Л ТЭСГИМ ХҮЙТЭНД АВТОБУС ХҮЛЭЭЖ ЧАДНА
Жил бүрийн өдийд авто замын түгжрэл нийслэлийн иргэдийн толгойны өвчин болдог. Ялангуяа Таван шар, III, IV хороолол, Яармаг чиглэлд зорчихын тулд нэг талдаа өдөрт дор хаяж 2-3 цаг зарцуулдаг. Өглөөд ажил, сургуульдаа очих, оройд гэртээ харих гэсэн хүмүүс автобусны буудал дээр өвлийн жаврыг үл ажран, шандсаа шалгадаг нь өнөөгийн нийслэлийн үнэн төрх. Ийм дүр зураг автобусны буудал бүрд нийтлэг. Тэсгим хүйтэнд багадаа 30 минут автобус хүлээн зогсох нь зөвхөн монголчуудын л хийж чадах зүйл гэлтэй.
Олны хөл хөдөлгөөн ер тасардаггүй газруудын нэг бол Багшийн дээдийн автобусны буудал юм. Энэ буудал хэзээнээсээ л оюутнуудын хөлд дарагддаг, Улаанбаатар хотын хамгийн ачаалалтай, олон чиглэлийн зангилаа болсон газар ч гэж хэлж болно. Биднийг баасан гаргийн 18.20 цагт очиход түгжрэл дунд бараа, сураггүй байгаа унаагаа хүлээсэн хүмүүс автобусны буудал дээр холхиж байлаа. Хаана нэг автобус ирэхэд бөөн хүн бужигнан дайрах аж. Ийнхүү хүнээ тултал чихэж, чигжсэн жолооч “Дахиад ганц хүн оруулчихъя” гэсээр арай хийн хаалгаа хаана. Гэвч ингэн байж чихэлдэн суусан зорчигч, автобусаа дүүргэсэн жолооч нар авто замын түгжрэлээс болоод байрнаасаа хөдөлж чадахгүй удах нь харамсалтай.
ОРБИТ, НАРАНГИЙН ГОЛ, УЛААНХУАРАН ЧИГЛЭЛИЙНХ ХҮРЭЛЦЭЭГҮЙ ХЭВЭЭРЭЭ
Таван шарын автобусны буудалд 07.00 цаг гэхэд амьдрал буцалж байв. Хэдэн арван хүн даарсандаа давчидсан амьсгаагаа дарахын завгүй ийш тийш холхино. Таван минут орчмын дараа “Офицеруудын ордон-Таван шар” чиглэлийн автобус үзэгдмэгц хүмүүс бараг л зэрэгцэн урагш алхаж эхэллээ. Автобус буудал дээр бүрэн зогсоогүй байхад хаалганы өмнө олон хүн шавна. Ингээд автобус хаалгаа нээх төдийд л ар араасаа түлхэлцэн, бяцхан “дайн” өрнөв. Хөл дээрээ гишгүүлж, үсээ зулгаалган, нүүрний будаг, гутлын шавхайгаа хэн нэгний хувцсанд арчих нь хэвийн үзэгдэл. Аз таарвал автобусандаа амжиж сууна, хэрэв багтахгүй бол дараагийнхыг нь хүлээхээс өөр аргагүй. Ингээд арайхийн дотогш орж, тэнцвэрээ олох гэж бариул тэмтчих зуур жолооч тоормосоо гишгэн, зорчигчдыг автобусны арагшаа “чулуудаж”, хүнээ чигждэг уламжлалтай.
Уг нь хамгийн хурдан, бас олон ирдэг автобус нь “Офицеруудын ордон-Таван шар” чиглэлийнх аж. Гэвч энэ чиглэлийн автобуснууд үргэлж л дүүрэн хүнтэй байдаг. Мөн Тахилт, Орбит, Нарангийн гол, Улаанхуаран чиглэлийн автобуснууд хамгийн хүрэлцээгүй байдаг тухай иргэд хэлж байлаа. Нэгэн эмэгтэй “Ядуусын унаа Ч:50 буюу “Улаанхуаран-120” чиглэлийн автобусны тоог олшруулж өгөөч. Мөнхийн пиг чихээстэй байдаг. Хол гэртэй хүмүүс алхаад ч зам хороохгүй шүү дээ” гэлээ.
Түүнчлэн дулааны улирал байсан бол алхаад явах сан гэх хүн ч олон тааралдах. Харамсалтай нь, хүйтэрч, нийслэлчүүдийн авто зам дээр “алалцдаг” үе хэдийн ирсэн. Угтаа хэн ч түгжрэлтэй байхад автобусанд суугаад нэг газраа удаан зогсохыг хүсэхгүй. Гэхдээ хүүхэд, хөгшид хөхөө өвлийн хүйтэнд хэдэн буудал газар алхана гэдэг хэцүү учраас ядаж л даарч хөрж ханиад, томуу хүрчихгүй гэсэндээ автобусанд чихэх замыг сонгож байна.
“ЭНЭ ӨВЛИЙГ ЯАЖ ДАВНА АА ГЭХЭЭС ДОТОР ХАРАНХУЙЛЖ БАЙНА”
Үүний дараа бид Мөнгөнзавъяагийн авто бусны буудал дээр очиход 10 орчим хүн л зогсож байлаа. Учир нь хүмүүс автобус хүлээхээс залхаж, явган алхахыг илүүд үзжээ. Иргэд “Дөнгөж өвлийн сар эхэлж байна. Гэтэл бид хэдийн халширчихсан. Энэ өвлийг яаж давна даа гэхээс үнэхээр дотор харанхуйлж байна. Багахан цас ороход л түгжрэл нэмэгдэж хот тэр чигтэй тэг зогсчихдог. Бас автобуснууд нэг талдаа “гардаг”. Дарга нар түгжрэлийг бууруулна гэж ярьсаар хэдэн жилийн ч нүүр үзэв. Олигтой үр дүнд хүрсэнгүй” гэв.
Яармаг орчимд жилд дунджаар 20-30 мянган хүн суурьшдаг гэх тоон мэдээлэл бий. Бас эл бүсэд улсын сургууль, цэцэрлэг цөөн байдаг. Тиймээс хичээл, сургууль орсон үед Яармагийн замын ачаалал эрс нэмэгддэг. Улмаар хүмүүс ажлаасаа, хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ хоцордог. Түгжрэлээс болж төлөвлөсөн ажил нурдгийн ердөө ганцхан жишээ энэ. Хувь хүн, гэр бүлийн байдлаас үл хамааран нийгэмд тулгарч буй эл асуудал хэрээс хэтэрсэн. Зүгээр л ажилдаа очиход хамгийн багадаа 3-4 цагийг түгжрэлд өнгөрүүлнэ гэдэг эмгэнэлтэй биш үү.
Яармагт оршин суудаг Х.Мөнхнасан “Эндхийн иргэдэд өглөө ажилдаа очиж, орой гэртээ харих нь залхаан цээрлүүлэлт болоод байна. Дулааны улиралд бол унадаг дугуй, скүүтер, бүр үгүй бол алхаад л харьчихдаг байв. Гэтэл өвөл хөлдөж үхтлээ зогсохоос өөр аргагүйд хүрч байна” гэлээ.
50 ХОНОГИЙГ АВТО ЗАМ ДЭЭР ӨНГӨРҮҮЛНЭ ЭМГЭНЭЛТЭЙ БИШ ҮҮ
Улаанбаатар хотын түгжрэл өнөөдөр автомашины урт дараалал бус, иргэдийн өдөр тутмын амьдралын чанарыг доройтуулж буй нийгмийн томоохон асуудал болоод удлаа. Өдөр бүр ажилдаа явах, гэр лүүгээ харих замд багадаа гурван цагийг түгжрэлд зарцуулна гэхээр сард дөрөв, жилд бүхэл бүтэн 50 хоногийг авто зам дээр алдаж байна гэсэн үг. Гэтэл энэ нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байх, өөрийгөө хөгжүүлж, амрах хамгийн үнэтэй цаг шүү дээ. Гэвч бид түгжрэлийг хэвийн мэт хүлээн зөвшөөрсөөр, цаг хугацаа, амьдралын чанараа алдаж буйгаа төдийлөн анзаардаггүй. Энэ нь хэдийгээр энгийн, жижиг асуудал мэт боловч гэр бүлийн уур амьсгалыг ч хүртэл эвддэг болохыг судлаачид хэлж байна. Хүүхдүүд ч ялгаагүй өвөл, зун, хавар, намар гэлтгүй залхтлаа автобус хүлээж, аргагүйн эрхэд явганаар гэртээ харих сонголт хийдэг. Аливаад суралцаж, өөрийгөө хөгжүүлэх насанд нь тэднийг зам дээр “амьдруулдаг” хот дэлхийд цөөн. Энэ бүхний үр дагавар хэзээ нэгэн цагт боловсролын чанарт ч нөлөөлж мэднэ.
Эдгээрээс харахад, автобусны хүрэлцээ болон түгжрэл нь зүгээр нэг хотын удирдлагын шийдэх ёстой замын хөдөлгөөний асуудал биш. Үүнийг гэр бүл, хүүхэд, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйд зэрэг нөлөөлж буй олон талт хямрал гэж болно. Тиймээс түгжрэлийг шийдэх бодлого бол хотын хөгжлийн нэг хэсэг биш, харин иргэдийн, амьдралын чанарыг хамгаалах үндэс суурь байх ёстой. Иргэд өдөр бүр амьдралаасаа гурван цаг алдаж байхад хотын хөгжил, шинэ барилга хараад сэтгэл сэргэхгүй.
У.Сүрэн