Бичил биетний эсрэг эмийн зохистой хэрэглээг дэмжих дэлхийн долоо хоногийн аяныг эхлүүллээ. Бичил биетэн буюу нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийн эсрэг эмийг зохисгүй хэрэглэсний улмаас тэсвэржилт үүсэх, улмаар эмчилгээнд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, бичил биетнийг устгадаг, эсвэл үржил, хуваагдлыг саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг түүний эсрэг эм гэж нэрлэдэг. Эдгээр эмийг нээснээр дэлхий дахинд хүн амын дундаж наслалтыг ихээхэн уртасгажээ. Гэхдээ эмчийн жорын дагуу зохистой хэрэглэх асуудал тулгарсаар байгаа юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын мэргэжилтэн С.Ганболор “ДЭМБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 18-24-ний хооронд бичил биетний эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулдаг. Тухайлбал, вирусний эсрэг ацикловир, мөөгөнцрийн эсрэг флуконазол, амоксициллин, ампициллин зэрэг антибиотик, мөн шимэгчийн эсрэг албендазол гэх мэт эмийг нэрлэж болно. Эдгээрийг зохисгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилт үүсэх эрсдэлтэй учраас заавал жорын дагуу авч хэвшээрэй” гэв.
Ташрамд, ДЭМБ-аас дэлхий нийтээр нэг сая хүн амлалт өгөх буюу бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэх “тангараг”-т нэгдэхийг улс орнуудад уриалж буй. Уг амлалтад одоогоор 229 мянган хүн нэгджээ. Үүнд мөн монголчууд нэгдэх боломжтой бөгөөд 6800 гаруй хүн амлалт өгөөд байгаа аж.
Ч.БОЛОР