Баянгол дүүргийн XX хороо, Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг Засгийн газрын тогтоолоор 2019 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан билээ. Тэгвэл мөн тус улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр уг төвийн эмч, мэргэжилтнүүдийн эмнэл зүйн ур чадварыг хөгжүүлэх сургалтын иж бүрэн танхимыг тохижуулж хүлээлгэн өгчээ. Тус төв нь хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийг дэмжих хөтөлбөр, техник технологийг эмчилгээ, оношилгоондоо нэвтрүүлэн ажиллаж буй. Тодруулбал тус төвд 16 хүртэлх насны, тусгай хэрэгцээт хүүхдүүд өдрийн болон хэвтэн эмчлүүлэх боломжтой бөгөөд хэл, ахуй, хөдөлгөөн, хөдөлмөр заслын эмчилгээ, үйлчилгээнд хамрагддаг юм. Мөн эцэг, эх, асран хамгаалагч нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд ээлжит уулзалтыг энэ сарын 27-нд зохион байгуулах гэнэ. Сэтгэл зүйчийн чиглүүлэг дор мэдрэмжээ илэрхийлэх, өөрийн асуудлыг ойлгох, бусадтай хуваалцах, бие биедээ урам өгөх, туршлагаа солилцох боломж олгодог эл уулзалтад үнэ төлбөргүй хамрагдаж болох нь. Ташрамд, манай улсад өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 14 мянга орчим хүүхэд бий гэсэн статистик байна.
Ч.Туяа