Улсын хэмжээнд энэ сарын 10-наас томууны А хүрээний вирус бүртгэгдэж эхэлснийг эрүүл мэндийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байв. Тэгвэл эдүгээ халдвар хурдацтай тархаж, тэр дундаа нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хүнд байдалтай, иргэд 3-7 цаг дугаарлаж байж хүүхдүүдээ үзүүлж буйгаа нийгмийн сүлжээнд бичсээр байна. II, III шатлалын эмнэлгүүдийн зарим нь томуу, томуу төст зургаан төрлийн өвчнийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур ашиглаж буй бөгөөд уг тестээр томууны А, В хүрээний H1N1, H2N3, H3N2, “Ковид-19”, адено, рино зэрэг вирусийг ялган оношилж байгаа аж. Харин баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-д хийж буй гэнэ. Үүний дагуу тус төвийнхөн сүүлийн үед хүн амын дунд өргөн тархаад буй халдварыг ялган оношилж, томууны А хүрээний H2N3 вирус болохыг нь тогтоожээ.
ХООЛОЙ БООХ, ӨНДӨР ХАЛУУРАХ ШИНЖ ТЭМДЭГ ДАВАМГАЙЛЖ БАЙНА
Өдгөө тархаад буй томууны А хүрээний вирус нь хоруу чанар маш өндөртэй, шууд хоолой боох, өндөр халуурах, гүйлгэх, бөөлжих зэрэг шинж тэмдгээр эхэлж, улмаар уушгины хатгалгаа болж хүндэрч байгааг эмч нар сэрэмжлүүллээ. Томуу төст өвчин нь нус гоожих, хамар битүүрэх, ханиах зэрэг шинж тэмдэг голлож, харьцангуй хөнгөн явцтай, түргэн илаарьшдаг бол томууны вирус богино хугацаанд хүндэрдгээрээ аюултай болохыг анхааруулсан.
Томууны вирус, тэр дундаа А хүрээнийхээр өвчилсөн тохиолдолд бага насныханд 39-42 хэм хүртэл өндөр халуурах, эсвэл ханиаж, халуураагүй ч хоолондоо дургүй, орчны харилцаагүй болж унтаарах, уйлагнах, зэрэг шинж тэмдэг түлхүү илэрч буй тул яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай гэв. Мөн уг халдварын үед хүүхдүүдийн дунд хөл, гар цэв хүйтэн мөртлөө толгой, хүзүү, суга гэх мэт нимгэн арьсаар “халуун шатаж”, улмаар бүх бие нь эрээнтэн, чичирч, аюултай нөхцөл байдал үүсгэх болжээ. Тиймээс хүүхэд 38.5-аас дээш өндөр халуурсан л бол заавал буулгана. Биеийн хэм хэт өндөр болох үед хүүхэд халуунаа даахгүй, татах эрсдэлтэй. Энэ тохиолдолд гэрийн нөхцөлд халууныг нь бага болов ч буулган, яаралтай эмнэлэгт хандахыг эмч нар зөвлөв. ЭХЭМҮТийн Яаралтай тусламжийн тасгаар хоногт дунджаар 450-550 хүүхэд үйлчлүүлж, ачаалал нь хоёр дахин нэмэгдсэн гэнэ.
ГАНЦХАН ШӨНИЙН ДОТОР 417 ХҮҮХЭД ХАНДЖЭЭ
Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаж, ЭМЯ, ХӨСҮТ, нийслэлийн Эрүүл мэндийн газрынханд яаралтай зарим арга хэмжээ авах үүрэг өглөө. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 85 хувь нь бага насныхан байв. Уржигдрын байдлаар 252 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 20-21-нд шилжих шөнө 417 хүүхэд эмнэлгийн тусламж авахаар хандсан нь ачаалал өмнөхөөс гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт гэлээ. Эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлээд ч хүчрэхгүй байгаа тул ачаалал багатай эмнэлгүүдээс хүний нөөц дайчлах, АШУҮИС-тай хамтарч, резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулахаар болжээ.
ХОНГИЛДОО ОР ДЭЛГЭЖ ЭХЛЭВ
Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар энэ сарын 22-нд л гэхэд 538 хүүхэд үйлчлүүлжээ. Тэдний 80 хувь нь тав хүртэлх насныхан аж. Яаралтайгаар ирж буй хүүхдүүдэд өндөр халуурсан, гүйлгэж, суулгасан, бөөлжсөн, амьсгалын дутагдалд орсон зэрэг шинж тэмдэг илэрч байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн нэг ээлжид 14 эмч ажиллуулж буй ч иргэд удаан хүлээж байгааг хэллээ. Энэ мэтчилэн өрх, дүүрэг, III шатлалын эмнэлгүүдийн ачаалал энгийн өдрүүдийнхээс 2-3 дахин өсөж, улсын хэмжээнд томууны идэвхжил нэмэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Иргэд эмнэлэг дамжин дугаарлаж явснаас үүдэн хүүхэд нь шокт орох, татах зэргээр хүндрэл их гарч байгаа гэнэ. Тиймээс дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, нарийн мэргэжлийн эмнэлгүүд хүүхдүүдийг аль болох буцаахгүйгээр хонгилдоо ор дэлгэн хүлээн авч эхэлжээ.
Ханиад, томууны нөхцөл байдал ийн хүндэрч буй тул дээрх шинж тэмдгүүд илэрсэн л бол эмнэлэгт яаралтай хандаж, вирусийг ялган оношлуулж, тохирсон эмчилгээг эмчийн заавраар хийлгэх шаардлагатай. Тэр дундаа тав хүртэлх насныханд амьсгалын замын халдвар хүнд тусдаг учраас амны хаалт тогтмол зүүлгэх, олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, аминдэмээр баялаг хоол, жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглүүлэх, бүх нийтээрээ гараа тогтмол угааж, ам, хоолойгоо давс, содын уусмалаар зайлж хэвшихийг зөвлөлөө.
О.Оргилох