Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд нийслэлийн ерөнхий боловсролын 92, 97 дугаар сургуулийнханд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. Тусгай хэрэгцээт суралцагч боловсрол эзэмшихэд ашиглах ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, орчин, нөхцөл, тоног төхөөрөмжийг хүртээмжтэй бүрдүүлсэн, эсэх, хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын үйл ажиллагаатай танилцсан байна. Тухайлбал, 92 дугаар сургуульд нийт 3179 хүүхэд суралцаж буйгаас ганцаарчилсан төлөвлөгөөний дагуу 1-5 дугаар ангийн 22 суралцагч хичээллэдэг аж. Харин 97 дугаар сургууль 4780 суралцагчтай бөгөөд тусгай хэрэгцээт 21 хүүхэд хичээллэдэг гэнэ. Түүнчлэн ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн Оижи Акира нь Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсийнхэнтэй хамтран хоёр жилийн хугацаанд ерөнхий боловсролын 30, 53, 55, 69, 79 дүгээр сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, тэдэнтэй ажиллаж буй багш нарт зөвлөн тусалж, сургуулиа төгссөний дараах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтууд зохион байгуулжээ. Тодруулбал, сургуулийн цэвэрлэгээ, машин угаах, бү тээгдэхүүнд шошго наах, зочид буудлын цэвэрлэгээ, дэлгүүр CU-д бараа өрөх, нарийн боовны үйлдвэрт бүтээгдэхүүн савлах, хоол хүргэх зэргээр албан байгууллагуудад дадлага хийлгэж, хамтран ажилласан аж. Үүний хүрээнд тусгай хэрэгцээт нэг сурагч сургуулиа төгсөөд ажлын байртай болсон гэнэ.
Ч.Болор