Өвлийн эхэн сар гараад дөнгөж дөрөв хонож буй. Гэтэл ханиад, томуу сүүлийн өдрүүдэд эрчимтэй тархаж, эмнэлгүүд хөл гишгэх зайгүй болж байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог, нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймагт идэвхжил өндөр байгааг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Тус төвийн тандалт, судалгаагаар хүн амын дунд амьсгалын замын синцитиаль, томууны A хүрээний H3N2 вирус өргөн тархаад байгаа аж. Томуугаар өвчлөгсдийн 81.3 хувийг 15 хүртэлх, тэдний дотор тав хүртэлх насныхан тал хувийг нь эзэлж буй гэнэ.
СУРАГЧДЫН АМРАЛТЫГ УРАГШУУЛАХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЭВ
Жил бүрийн томууны дэгдэлтийн оргил үе нь дунджаар арванхоёрдугаар сарын дундуур тохиодог. Харин өнөө жил томууны А хүрээний вирус амьсгалын замын синцитиальтай хавсран дэгдсэнээр халдвар хурдацтай тархаж, хүндрэл үүсгэх болсныг ЭМЯ-наас мэдээлэв.
Томуу, томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах Тохиолдлын удирдлагын багийнхан өдөр бүр хуралдаж, шаарлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч буй гэлээ. Тэд томууны тархалтын түвшинтэй уялдуулж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний зэрэг хүн олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллага, удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх, шаардлагатай үед ор зохицуулах үүрэг хүлээж байгаа аж. Одоогоор сурагчдын амралтын хугацааг урагшуулах санал боловсруулж, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газарт хүргүүлээд байна.
ХӨСҮТ 220 ОР ЗЭХЖЭЭ
Томууны A хүрээний H3N2 вирусний үед өндөр халуурах, суулгаж, бөөлжих гэх мэт хордлогын шинж тэмдэг давамгайлж буй бол амьсгалын замын синцитиаль нь бөгшүүлэх, хоолой бачуурах, шөнийн цагаар тасралтгүй ханиах, огих зовуурь түлхүү илэрч байгааг Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмид анхаарууллаа. Мөн ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг “Улирлын томууны үед амны хаалт тогтмол зүүж, хоёр цаг тутамд солих, гар, амны хөндийн ариун цэврийг сахих зэрэг энгийн дадлуудаа хэрэгжүүлэх шаардлагатай боллоо” хэмээн сануулав.
ХӨСҮТ-ийнхөн бэлэн байдлаа хангах хүрээнд Халдвартын клиникийн дөрвөн тасагт 220 ор багтах зай талбайг чөлөөлж, 97-г нь өчигдөр дэлгэсэн байна. Түүнчлэн нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1200 гаруй ор нэмэлтээр дэлгэжээ. Түргэн тусламжийн төв буюу 103-т энгийн үед ирсэн дуудлагын 30 хувийг хүүхэд, 70 хувийг насанд хүрэгчид эзэлдэг бол өдгөө эл харьцаа 50:50 болж өөрчлөгдсөн гэв. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдөр 08.30-20.00, бямба, нямд 11.00-18.00, бүх нийтийн амралтаар 11.00-17.00 цаг хүртэл ажиллуулахаар болжээ.
О.Ундрах