Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд дагаж мөрдөж буй. Эл хуулийн 14.4-т бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт дараах агуулгыг заавал тусгаж, боловсролын сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлнэ гэж заасан. Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаан, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, түүний хор уршиг, дэлгэцийн донгоос сэргийлэх зэрэг хэд хэдэн агуулгыг заавал тусгах ёстой. Гэвч ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, түүний хор уршгийн талаар таниулах, ойлгуулах агуулгыг хангалттай тусгаагүй хэмээн цагдаагийн байгууллагынхан Боловсрол судлалын үндэсний хүрээлэнд албан бичиг хүргүүлжээ.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ариунтөгс “Боловсролын ерөнхий хуульд хар тамхи, сэтгэцэд нөлөөтэй бодисын хор хөнөөл, донтолтоос хэрхэн сэргийлэх тухай сургалтын хөтөлбөрт багтаах талаар тодорхой заасан. Гэтэл хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа нь гол асуудал болж байна” гэв. Сургалтын агуулгад донтолт гэж юу болох, эмийн хэрэглээний талаар бүлэг сэдэв оруулж, сурагчдад зөв ойлголт, мэдээлэл өгөх шаардлагатай хэмээн үзэж буй. Энэ талаар Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгээс тодруулахад “Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн. Үүнд донтох эмгэгийн талаар эрүүл мэндийн хичээлээр нь дамжуулан 1-5 дугаар ангийн сурагчдад заах юм. Ирэх намраас шинэ хөтөлбөрийн дагуу хичээллэнэ ” гэв.
Ч.Болор