ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг угтан ХӨСҮТ-өөс сүүлийн үеийн судалгаа, мэдээллүүдийг танилцууллаа. Өнөө жил манай улс уг өдрийг “Асуудлыг шийдье, ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтжээ. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насныхан гэнэ. Монгол ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог хэдий ч эрсдэлт бүлгийн хүн ам ихтэй хэвээрээ байгааг албаныхан хэллээ.
Манайд 1992 онд ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар халдвар авсан нийт хүний тоо 424-т хүрчээ. Тэгвэл он гарснаас хойш уг халдварын тоо 36-гаар нэмэгдсэн байна. Жилийн эцэс гэхэд эл үзүүлэлт 48 болж нэмэгдэж болзошгүй гэсэн урьдчилсан таамаглал ч дэвшүүлсэн аж. Ташрамд дурдахад, ХДХВ/ДОХ-ын халдвартай нийт өвчтөний 83 хувь нь эрэгтэй, 14.6 хувь нь эмэгтэй, үлдсэн нь трансжендер гэв. Өвчлөгсдийн олонх нь 20-44 насныхан бөгөөд 99.7 хувьд нь бэлгийн замаар халдвар дамжжээ.
О.Оргилох