Он гарснаас хойш менингококкт халдвар алаг цоог бүртгэгдэж, өнгөрсөн наймдугаар сараас хойш хэсэг намжаад байсан билээ. Тэгвэл энэ сарын 25-нд уг өвчний оноштой 15 настай хүүхэд эндсэнийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Хүүхдийн биеийн байдал маш хүнд ЭХЭМҮТ-д ирсэн бөгөөд эмчлүүлэх явцдаа нас барсан гэнэ. Шалтгаан нөхцөлийг нь тодруулахаар шинжилгээ хийхэн менингитийн халдвар илэрсэн байна. Уг өвчний улмаас эндсэн, эсэх эцсийн дүгнэлтийг шүүх шинжилгээний байгууллага гаргах аж.п
Менингококкт халдвар нь олон төрөл бөгөөд богино хугацаанд амь насанд аюул учруулдгийг эмч нар цахилгаан менингит хэмээн нэрлэдэг. Сүүлийн 10 жилд 98 хүн менингококкоор өвчилсний 80 орчим хувь нь бага насны хүүхдүүд байсан бөгөөд тэдний 40 хувь нь эндсэн гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Нас барах эрсдэл ийм өндөр тул менингококкийн нэг тохиолдол бүртгэгдсэн ч дэгдэлт гэж үздэг байна. “Цахилгаан менингит бол маш аюултай. Шинж тэмдэг илэрснээс хойш 24 цагийн дотор амь эрсдэж ч болно. Тархи, нугасны бүрхэвч хальс, эдийг үрэвсүүлдэг учраас хожим саа, саажилттай үлдэх нь ч бий. Энэ нь өвчний хоруу чанараас шууд шалтгаална” хэмээсэн.
Менингит нь вирусний, мөөгөнцрийн, бактерийн шалтгаантай үүсдэг. Цахилгаан гэгддэг хурц хэлбэр нь бактерийн гаралтай аж. Уг нян нь шүлтлэг орчинд буюу халдвартай болон өвчин тээгчийн хамар, ам, залгиурт амархан үрждэг тул иргэдийг давс, нимбэг, сармис зэрэг хүчиллэг бүлээн уусмалаар ам, хоолойгоо тогтмол зайлах, хамрыг мөн давсны уусмалаар өглөө, оройд угааж, менингококк болон амьсгалын замын бусад халдвараас сэргийлэхийг албаныхан зөвлөлөө.
О.Оргилох