Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор анхан шатныхаас дүүрэг, улсын эмнэлгийн цаг захиалгыг цахимжуулах нэгдсэн систем ашиглалтад оруулжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлээд, лавлагаа шатлалын эмнэлэгт хандах шаардлагатай бол өрхийн эмч тухайн үзлэгийн цагийг цахимаар олгох нь байна. Ингэснээр тусламж, үйлчилгээний дараалал эрс багасах гэнэ.
Судалгаагаар иргэд дүүрэг, улсын эмнэлэгт үзүүлэхдээ өмнө урьдчилан цаг аваагүйгээс болж дунджаар 1.5-2 цаг орчим дараалалд хүлээдэг. Мөн тухайн шатлалын байгууллагуудын хооронд мэдээлэл зөрөх тохиолдол гардаг байжээ. Харин цахим цаг захиалгын нэгдсэн системийг нэвтрүүлснээр анхан шатны эмнэлгээс дараагийнханд шууд цаг авах, үүнийгээ “И-Монголиа” системээр дамжуулан хянах, дараалалд зогсохгүйгээр товлосон хугацаандаа үзүүлэх, өвчний түүхийг цахимжуулах зэрэг давуу тал үүсэж буй аж. Мөн цахим бүртгэл ашигласнаар дараалал 30-50 хувь буурах тооцоолол гарчээ. Өрхийн эрүүл мэндийн төвөөс нарийн мэргэжлийн эмчид илгээх явцыг стандартжуулж, илүү тодорхой болгосон байна. Дээрх системийг туршилтаар ашигласан гурван сарын хугацаанд лавлагаа шатлалын эмнэлгийн хүлээлгийн хугацаа дунджаар 42, өвчтөний мэдээлэл зөрсөн тохиолдол 50 хувиар тус тус буурчээ. Анхан шатныхаас төрөлжсөн эмнэлэгт дамжуулсан цаг захиалга 2.8 дахин өссөн аж.
Ч.Болор