Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засаж, шашин, соёлын цогцолбор байгуулна. Ингэхдээ уг хийдийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн жишгээр тохижуулж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэн, соёлын биет, биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд сэргээн босгох гэнэ. Мөн байгалийн тогтоц, түүхэн дурсгалыг хуучин хэвээр нь хадгалан үлдээх аж. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, авто, дугуйн зам, зогсоол зэргийг цогцоор нь байгуулах бөгөөд хүрээлэн буй орч ны байгалийн тогтоц, түүхэн дурсгал, ногоон байгууламжийг хамгаалж, нөхөн сэргээхийг чухалчилж буй юм.
Шашныг бадруулагч Дамбадаржайлин нь 260 жилийн түүхтэй, Улаанбаатар хотын ууган хийд юм. Тус хийд нийслэлийн өмчид бүртгэлтэй ч өдийг хүртэл нэг ч удаа сэргээн засаж байгаагүй аж. Тиймээс эхний ээлжид хийдийг хэрхэн хуучин өнгө төрхөөр нь сэргээн босгох ТЭЗҮ-ийг боловсруулж, ирэх жил зах зээлийн үнэлгээний дагуу газрыг нь чөлөөлөх юм.
Дамбадаржайлин хийд нь цогчин дуган, 12 аймгийн 30 орчим дуган сүм, дөрвөн дацантай. Аграмба, Лхаарамба гэсэн шашны дээд цол олгодог халх Монголын тэргүүн хийд байжээ. Хийдийг II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан байгуулсан бөгөөд III Богд, V Богдын лагшин эрдэнийг хадгалж ирснээрээ халх даяар алдартай юм байна.
У.Сүрэн