Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төрөлт буурсаар байна. Ялангуяа “Ковид-19”-өөс хойш энэ үзэгдэл хавтгайр чээ. Тодруулбал, цар тахлын дараах 2022-2024 онд олон улсад төрөлт 2-8, зарим оронд 10-20 хүртэлх хувиар багассан үзүүлэлттэй байгааг ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан судалгаануудад онцолжээ. Тухайлбал, Азийн орнуудаас Монгол, БНСУ, Япон, мөн АНУ, Европын улсад ч хүн амын өсөлт саарсаар байгаа аж. БНСУ-д гэхэд 2023 онд 230 000 эмэгтэй амаржсан нь өмнөх жилийн үзүүлэлтээс 7.7 хувиар буурсан дүн болов. Японд төрөлт сүүлийн хоёр жилд 41-45 мянгаар цөөрсөн бол Хятадад төрөлтийн муруй 5.7 хувиар “урууджээ”.
Тэгвэл манайд 2024 онд улсын хэмжээнд 57 319 эх амаржсан нь 2023 оныхоос 10.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Европын орнуудад, тэр дундаа Британид төрөлтийн түвшин 2.3, Испанид 2.6, Италид 3.6, Германд зургаа, Францад 6.6 хувиар тус тус багасжээ. Эдгээр оронд манайх шиг жилд 50, 60 мянган хүн амарждаггүй, төрөлт хэдэн зуун мянгаар тоологддог тул буурсан хувь нь бага байсан ч өндөр ач холбогдол өгдөг. Улс орнуудын хүн амын өсөлт ийн саарах болсонд цар тахал шууд болон дам байдлаар буюу эдийн засгийн тодорхойгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл төлөвлөлт, төрөх нас хойшлох, амьжиргааны түвшин, шилжилт хөдөлгөөн зэрэг цөөнгүй шалтгаан нөлөөлсөн гэж судалгааны байгууллагууд үзжээ. Иймд улс орнуудыг хүн амаа өсгөх бодлого, төрөлтийг дэмжих стратегиэ эргэн харж, шинэчлэх замаар гэр бүлүүдэд бодитой хувь нэмэр оруулахыг уриалсан байна.
О.Ундрах