Боловсролын ерөнхий газрын даргын өнгөрсөн есдүгээр сард гаргасан тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны гадаад, дотоод орчны аюулгүй байдалд үнэлгээ хийжээ. Эл тайлангынхаа заримаас өчигдөр танилцуулсан юм. Сургуулийн дотоод орчинд анги танхим, хонгил, ариун цэврийн өрөө, биеийн тамирын талбай, гал тогоо, номын сан зэргийг хамруулан авч үздэг аж. Эрсдэлийн үнэлгээг хийхдээ “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын ерөнхий шаардлага” MNS 6782:2019 стандартыг мөрдлөг болгон, төрийн болон хувийн нийт 885 сургуулийн 83.7 хувийг буюу 741-ийг нь хамруулсан байна.
Уг стандартын дагуу сургуулиуд наад зах нь анги танхимынхаа эд хогшил, шүү гээ, тавилгыг хананд бэхлэх замаар хөдөлгөөнгүй байршуулан, ирмэгт хамгаалалт хийнэ. Дэлгэц, проектор ашиглахдаа тэдгээрийг суурилуулсан газраар баталгаа гаргуулах, үзүүлэн таниулах материал нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Гэвч үнэлгээнд хамрагдсан сургуулиудын 19.1 хувь нь буюу 142 сургууль эдгээр шаардлагыг хангаагүй байжээ.
Мөн 135 сургуулийн ширээ, сандал хүүхдийн нас биеийн онцлогт тохироогүй, эрүүл ахуйн болон MNS6582 стандартын шаардлага хангаагүй. Тодруулбал, ширээ, сандал нь хананаас 60-70 см, самбараас эхний ширээ хүртэл 2-2.75, арын ширээ хүртэл найман метрээс холгүй зайд байрлана. Ширээ хоорондын зай 5060, самбарын доод ирмэг бага ангид шалнаас дээш 70-80, дунд, ахлах ангид 80-90 см өндөрт байх заалттай. Тусгалын дэлгэцийг техник, хэрэгслээс 4-7, хүүхдээс 1.8-2 м зайд байрлуулна гэх зэрэг шаардлагыг дээрх сургуулиуд биелүүлээгүй нь үнэлгээгээр ил болжээ. Орчны аюулгүй байдалтай холбоотой дотуур байрны болон сургуулийн бусад зөрчлийг нэгтгэсний дараа удахгүй тайлагнана гэв.