Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу эгнээ байр буруу эзэлж, байрлан явах зөрчлийг энэ сарын 1-нээс хиймэл оюунд суурилсан хяналтын камерын тусламжтайгаар илрүүлж, хариуцлага тооцон, иргэнийг 20 нэгж буюу 20 000 төгрөгөөр торгож эхэлсэн билээ. Тэгвэл АI камер нэвтрүүлснээс хойш жолооч нар ийм зөрчил гаргах нь эрс багассаныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өчигдөр мэдээлэв. Тэд “AI систем нь замын хөдөлгөөний зохицуулалтыг технологийн дэвшилд шилжүүлж байгаа хэлбэр болохоос биш, жолооч нарыг торгох үндсэн зорилгогүй. Ерөнхийдөө замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, сахиулах, зөрчлийг шуурхай илрүүлэн, шийдвэрлэхээр ашиглаж байна” гэсэн юм.
Хяналтын АI камераар жолооч нарын замын хөдөлгөөнд оролцохдоо гаргадаг нийтлэг зөрчлийг бүртгэж эхэлснээс хойш жишээлбэл, эгнээ байр буруу эзлэх тохиолдол 81, зогсох шугам давах нь 50 гаруй хувиар буурсан гэнэ. Мөн телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон 549 зөрчлийг илрүүлэн, арилгуулжээ. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй, эсвэл бүдгэрч арилсан, буруу байрлуулан замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 10-25, хуулийн этгээдийг 100 нэгжээр торгодог юм.