Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдийн дархлаа суларч, хурц халдварт өвчинд өртөх нь нэмэгддэг аж. Үүний нэг нь цахилгаан менингит буюу менингококк юм. Тэгвэл Увсын Малчин сумд энэ сарын 3-нд уг өвчний халдвар бүртгэгдсэнийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Өвчтөн таван настай бөгөөд лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан байна. Биеийн байдал нь өдгөө хүнд, хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгээс томилсон шуурхай баг Малчин сумд ажиллан, ойрын хавьтлын 36 хүнийг илрүүлэн, шинжилгээнд хамруулаад буйгаа хэлсэн. Мөн Цалгар багийн 11 өрхийн 45 хүнд менингитийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Менингококкийн үед арьсан дээр өвөрмөц хэлбэртэй цусан тууралтууд гарч, тархины зөөлөн бүрхүүл, эдийг үрэвсүүлдэг, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Нян үүсгэгч нь хүний хамар, залгиурт амьдрах чадвартай, агаар, дуслын замаар дамждаг. Гэнэт өндөр халуурах, хурц гэрэл, дуу чимээ зэрэгт цочромтгой болох, хүүхэд уйлагнах, гэдэс нь базалж, бөөлжих, толгой өвдөх, хоолонд дургүйлхэх, хүзүү хөших, ухаан санаа балартах зэрэг шинж тэмдгээр илэрдэг, богино хугацаанд хүндэрдэг аюултай өвчин гэдгийг эмч нар анхааруулсан. Иймд ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд амны хаалт зүүх, гараа савандаж угаах, гэр, албан тасалгаанд хоёр цаг тутамд агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх зэргээр халдвар хамгааллын дэглэм сахихыг зөвлөлөө. Ташрамд дурдахад, ХӨСҮТ-ийн тандалтын мэдээгээр менингококк нь 5-10 жилийн үечлэлтэй дэгддэг. 2025, 2026 онд халдварын дэгдэлтийн жил тохиож байгааг сэрэмжлүүлсэн.
О.Оргилох