Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан 2025 онд гэрээ байгуулсан эмийн сангуудынхаа биелэлтийг дүгнэсэн тайлангаа өчигдөр танилцууллаа. Тус газрынхан өнгөрсөн жил 1548 эмийн сантай гэрээ байгуулж, даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Гэвч нэр бүхий эмийн сангууд гэрээнд заасан үүргээ мөрдөөгүй, хангалтгүй үнэлүүлсэн аж. Тодруулбал, зөрчилтэй 242 эмийн санд улсын байцаагч хугацаатай албан шаардлага хүргүүлсэн бөгөөд үүний хариуг үндэслэн тэдний гэрээг үргэлжлүүлэх, эсэхийг шийдэхээр болжээ. Ямартай ч 114 эмийн сангийн гэрээг хэрхэх нь тодорхойгүй, 128-ынх нь гэрээг дуусгавар болгож буйг ЭМДЕГ-аас нэрсийн хамт зарласан юм.
Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үүргээ биелүүлээгүй, иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг “Ази фарм”, “Дакалфарм”, “Монос”, “Мөнхийн тун”, “Тавин ус”, “Эко фарм”, “Ази тауэр, “Агар фарм”, “Түмэн тун”, “Зуун наст” зэрэг эмийн сангийн зарим салбарын гэрээг сунгах, эсэхийг удахгүй шийдэх аж. Харин “Мон фарм”, “Ази фарм”- ын болон Монос”-ын зарим салбар, “Гишүүнэ фарм”, “Гоо юлт”, “Гранд цэрэн”, “Бүрэн нахиа тун” тэргүүтэй 128 эмийн сангийн гэрээг дээр хэлсэнчлэн дуусгавар болгожээ.
Ташрамд, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”- ний биелэлтийг мөн дүгнэж буй юм байна. Үүний дараа өрхийн эмнэлгүүдээс анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн 2026 оны хүрэх түвшний санал авч, гэрээг шинээр байгуулах гэнэ.
О.Оргилох