Тэртээ 1980-аад оны эцсээс хайрын сэдэвтэй уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж, сэтгэлд хоногшсон дуунуудаараа өнөөг хүртэл хөглөж яваа хүн бол “Харш” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин С.Баасандорж. Монголын эстрад урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олж, 42 жил тайз, хөгжимтэй нөхөрлөсөн түүний “Хос залуус”, “Хаанаас ирсэн хайр вэ чи”, “Хуурамч биш миний сэтгэл”, “Чамдаа зориулъя” зэрэг дуу нь хит болж, одоо ч Монголын FM богино долгионы радиогоор эгшиглэсээр байна.
-Хүмүүс таны дууг хавар илүү сонсдог нь анзаарагддаг. Зурагтаар “Ая дууны мэнд”, FM-ээр төрсөн өдөр, төгсөлтийн баяраар захиалж, найз нөхөд, ойр дотны хүндээ мэндчилгээ илгээдэг юм билээ.
-Байгаль дэлхий өнгөө засаж, навч, цэцэг алаглаж ургадаг болохоор хаврын улирал хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс хаврыг хайрын улирал гэж ярьдаг шүү дээ. Би концертоо “Хавар хайр” хэмээн нэрлэсэн нь үүнтэй холбоотой. Миний ууган хүү дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн. Одоо Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд ажилладаг, ахмад цолтой. Хүүгийнхээ төрсөн өдрөөр 26 дахь бие даасан тоглолтоо Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд толилуулах болсондоо маш их бэлгэшээж байгаа. Миний уран бүтээлд хайрын сэдэвтэй дуунууд голлодог. Урлагийн салбартай 42 жил нөхөрлөж, 300 гаруй дууг олны сонорт хүргэхдээ ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж, нэг сайхан дуун суварга бүтээх сэн гэж олон жил бодож явсан. Үүнийгээ ч энэ жил хэрэгжүүллээ. Ээж минь хийж буй ажилдаа хариуцлагатай ханддаг, үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэн, хамт олондоо үлгэр дуурайл болсон эгэл даруу эмэгтэй байлаа. Бид ээжийнхээ хэлж, захиж, зөвлөснөөр нь олонтой эвтэй, энгийн, зөв амьдарч явна.
-Үзэгчдийн сэтгэлд хүрсэн тоглолт хийнэ гэдэг амаргүй. Хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө, мөнгө чамгүй зарцуулдаг шүү дээ.
- Ямар ч дуучин сайн уран бүтээлтэй байлаа ч ганцаараа зүтгээд урагшлахгүй. Тоглолт хийнэ гэдэг эртнээс төлөвлөж, ар гэрийнхээ бүх ажлыг хойш тавиад ханцуй шамлаж ордог ажил шүү дээ. Миний тоглолт бүрийн ард хамтарч ажилладаг уран бүтээлч найз нөхөд, хамт олон, гэр бүл, ах дүүс гээд олон хүний тус дэм их бий. Тэдэнгүйгээр уран бүтээлээ төсөөлшгүй. -СУИС, урлагийн байгууллагаас багшаар ажиллаач гэх урилга танд цөөнгүй ирдэг гэсэн. Та ч гэсэн бусад уран бүтээлчийн адил гарын шавиа бэлдэх цаг болсон бус уу? -Би багшлахаас илүү уран бүтээлдээ анхаарал хандуулдаг байлаа. Сүүлийн үед хамтран ажиллах нэг шавьтай болсон. Нэрийг нь Д.Мөнхтэнгэр гэдэг. Нэр шигээ өвөрмөц хоолойтой залуу бий. Түүнийг “Нутгийн салхи ээжийн үнэртэй”, “Хун галуу”, “Дурсамж дүүрэн андууд”, “Чамайг зорино”, “Энэрэлтэй эгч минь” зэрэг уран бүтээлээр нь хүмүүс мэддэг. Тэрбээр таван жилийн өмнөөс бие даан уран бүтээл туурвиж эхэлсэн. Шавьд минь олон давуу тал бий. Аливаа зүйлийг хийхээр зорьсон бол ард нь заавал гардаг зан нь надад их таалагддаг. Бид өнгөрсөн жилээс багш шавийн барилдлага тогтоож, хамтран ажиллах болсон. Түүнтэй дуулсан Д.Ёндонсамбуугийн шүлэг, З.Зундарийн ая “Хунгийн дуу” дөрвөн улирлыг харуулсан хайрын сэдэвтэй бүтээл олны хүртээл боллоо. Шинэ бүтээлийн анхны сонсогч нь “Хавар хайр” тоглолтын үзэгчид.
-Урлагийн салбарт болдог томоохон үйл ажиллагаа, уран бүтээлчдийн тоглолтыг олон жил сурвалжилсны хувьд таныг юманд их няхуур, хашир ханддагийг мэднэ. Түүнийг шавиа болгохын тул багагүй судалсан гэхэд эргэлзэхгүй байна.
-Тийм ээ. Д.Мөнхтэнгэрийг шавиа болгохын тулд авьяас, ур чадвараас гадна урлагт хэр хайртай, цаашид тууштай замнах хүсэл мөрөөдөлтэй эсэх, зан чанар, хандлага, үзэл бодол, хүмүүстэй харилцах соёл, олны дунд биеэ авч явах байдал гээд олон талаас нь харж, ажиглан судалсан юм. Надад “Баасандорж ах аа, таны шавь болж хамтран ажиллая” гэж олон хүн санал тавьж, ирж уулзсан. Гэхдээ миний шалгуурт тэнцсэн нь цөөн. Заримд нь шударгаар “За дүү минь хадаг, мөнгөн аягаа буцаагаад авах уу даа” гэж хэлдэг. Урлаг өндөр босготой, хатуу шалгууртай. Тэр хэрээр уран бүтээлч болох хүн олон саадыг давж байж зорилгодоо хүрнэ. Хэдэн сар ажиллаад халширч, шантраад бизнес хөөгөөд явах нь олон байдаг тул би ч шавьтай болох гэж яараагүй. Дуучин хүн сайн бүтээлтэй байх ёстой. Олон дуу дуулахдаа бус, хүний сэтгэлд хоногштол хүргэх хэрэгтэй. Тиймээс зогсолтгүй хичээхийн зэрэгцээ нийгэм, цаг хугацаа, олны юу хүсэж буйг мэдэрч, уран бүтээл хийх нь зүйтэй.
-Авьяас, ур чадвартай ч ухаан, сэтгэлгээ байхгүй бол сайн уран бүтээл төрөхгүй гэж урлагийнхан ярьдаг. Оргүй үг биш бололтой.
-Би хөдөлмөрлөх гэхээс илүү хичээсэн гэж хэлэх дуртай. Хүнийг зөв бодол, хандлага хөгжүүлдэг. Дуучин хүн урт наслах бүтээл хийе гэвэл үүргээ ухамсарлах хэрэгтэй. Түүнээс биш хэдэн жил дуулаад тус тусын зам мөрөө хөөгөөд нам гүм болж болохгүй. Монголд нэг хэсэг гарч ирээд сураггүй, бүр нэр нь мартагдсан хамтлаг олон бий. Сонсогчид заримынх нь нэрийг хүртэл санадаггүй. Урлаг өөртөө хайртай, сэтгэлтэй, зүтгэлтэй, зорилготойг нь үлдээгээд бусдыг нь зомгол шиг гаргаад шиддэг тийм л бичигдээгүй хатуу хуультай. Хүнд бурхнаас хайрласан авьяас гэж бий. Тэр хишгийг нь байнга тордож явах ёстой юм. Би байгаа зүйлдээ талархаж амьдардаг. Амьдралд минь хүрэлцэж байгаа бол илүү зүйл хүсдэггүй. Тиймдээ ч “Олзыг олуулаа” гэдэг зарчим баримталдаг.
-Хайр бол мөнхийн сэдэв. Амьдралын утга учрыг үүнгүйгээр төсөөлшгүй. Хамгийн үнэ цэнтэй бүтээл хайраас л төрсөн байдаг.
-Санал нэг байна. Миний хайрын сэдэвтэй дуунуудын олонх нь хаврын улиралд бүтсэн. “Хос залуус”, “Талын шар цэцэг”, “Хуурамч биш миний сэтгэл”, “Хаанаас ирсэн хайр вэ чи” “Чамдаа зориулъя” зэрэг дууг сонсоод үзэгчид залуу насаа дурсаж, амьдралынхаа сайхан дурсамж, он жилүүдээр эргэж нэг аялдаг гэж боддог. Олны хайртай болсон эдгээр дуу зөвхөн миний бүтээл биш л дээ. “Харш” хамтлагийн бусад уран бүтээлчийн хөдөлмөр, авьяас, итгэл, сэтгэл, хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлэл гээд бүх зүйл багтсан болохоор хүмүүсийн сэтгэлд хүрч, өнөөг хүртэл эгшиглэж байгаа юм. Монголын эстрад, рок поп урлагийн ертөнцөд байр сууриа эзэлж, үлдэнэ гэдэг бол маш том шалгуур. Урлагийн тайзан дээр 42 жил дуулахдаа олон сорил, шалгуурыг давж, “Харш” хамтлаг, Баасандоржийн гэх нэрийн хуудас болсон бүтээлүүдийг үзэгчдэд хүргэлээ. Энэ бол миний хамгийн их бахархдаг зүйл. Намайг өнөөдрийн өндөрлөгт хүрэх замаа олоход дэмжиж тусалсан уран бүтээлч нөхдөдөө баярлахгүй байхын аргагүй.
-Таны хит болсон ихэнх дууны шүлэг, аялгуу Ш.Хүрэлчулуун, Ц.Энхтүвшин нарынх байх юм аа.
-Би тэдэнтэй гар, сэтгэл нийлж хамтран ажилласны ачаар тайзан дээр дуучин гээд зарлуулаад зогсож байна. Ширнэнгийн Хүрэлчулууны “Орчлонгийн амьдрал”, “Найз минь бүү гуньхар”, “Хайр чинь навч болж хийслээ шүү” дууны үг, аялгуу 1990-1991 оны үед төрсөн. Үүнээс өмнө “Чамдаа зориулъя” дууны аяыг Цэрэннамжилын Энхтүвшин бичиж, би 1987 онд дуулж олны хүргээл болгосон юм. Тэрбээр Дорнод аймгаас Улаанбаатарт 1988 онд ирж, надтай уулзахдаа “Чи сайхан дуулжээ. Баяр хүргэе” гэж талархаад урам хайрлаж билээ. Энэ ташрамд, ийм сайхан дууг хамтдаа бүтээлцэж, өнөөг хүртэл эгшиглүүлсэн Ц.Энхтүвшин андынхаа гэр бүл, үр хүүхэд, ах дүүст нь талархсанаа илэрхийлье. Анд минь ихэр охинтой. Нэг нь дуулах авьяастай. Охиноос нь аавынхаа “Хаана явна вэ” гэсэн дууг нь надтай хамтарч дуулах санал ирсэн. Сайхан дуу, сайн ч уран бүтээл. Андынхаа дурсгалд зориулж, “Намар хамтарч дуулъя” гэсэн хариуг охинд нь өгсөн. Энэ бол найздаа, нөхөрлөлдөө зориулж буй миний сэтгэлийн бэлэг. Хэдийгээр найз минь байхгүй ч бүтээл нь олны дунд амьдарсаар байгаа нь гайхалтай. Би бүх дуундаа хайртай. Тэдгээрээс онцгой бүтээл гэвэл “Хос залуус”. Энэ дууг хүнээр зүйрлэж хэлбэл эрийн цээнд хүрч, ид хийж бүтээх насандаа явна.
-“Харш” тухайн үеийн хамтлагуудаас хамгийн олон хит дуутай гэж зүй ёсоор тооцогддог байсан юм билээ.
-Үнэн, үнэн. “Харш” хамтлагийнхан 1990 онд “Хүсэл хясал”, 1991 онд “Орчлонгийн амьдрал” концертоо тоглосон юм. Тэр үеийн хамтлагуудаас олон дуу үзэгчдэд хүргэсэн. Тэр хэрээр бүтээлүүд минь хит дуугаар шалгардаг байлаа. Монголын эстрад дууны түүхэнд хүмүүсийг хамгийн анх бүжиглүүлсэн хамтлаг бол “Харш”. Энэ тухай “Чингис хаан” хамтлагийн дуучин, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан ах “Үл тасрах аялгуу” номдоо дурссан байдаг. Манай хамтлагийн “Шар цэцэг”, “Хос залуус”, “Хавар”, “Чамдаа зориулья”, “Санаандгүй учрал”, Болзоо”, “Холоос чамдаа дуулъя” зэрэг дуу залуусын сонсох дуртай, хамгийн хайртай бүтээл болсон юм. Миний өнөөг хүртэл оршин тогтнож байгаа минь хамтлагийнхаа түүхийг тэдэнтэй хамт бүтээлцсэний бахархал. Бид 2000 оны дунд хүртэл хамтдаа байсан. Түүнээс хойш би хамтлагийнхаа нэр дээр дуулж, уран бүтээлээ үргэлжлүүлж байна. Бид бусдын жишгээр энгийн л амьдардаг. Урлаг, хамтлагийнхаа буянаар би Ази, Европын олон орноор аялж, Монголынхоо аймаг, сумуудад очиж тоглосон. БНСУ, Япон, АНУ гээд гадаадын орнуудад ажиллаж, амьдардаг монголчуудынхаа урилгаар ч очиж тоглосон удаа цөөнгүй.
-“Харш”-тай ойролцоо байгуулагдсан “Болор”, “Цэцэг”, “Хонх”, “Титэм”, “Шигтгээ” зэрэг хамтлаг шинэ уран бүтээл гаргаж, тоглолтоо хийх гэж өрсөлддөг байсныг тэр үеийн сонсогчид дурсаж ярихыг цөөнгүй сонссон л доо.
-Бид Монголын эстрад, рок поп урлагийн өрсөлдөөн дунд сор болсон бүтээлүүдээ олны сонорт хүрсэн. Дисконы ая эгшиглэнгүүт залуус бүжиглэхээр талбайд гарч ирдэг байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Үзэгчид 1990-1994 он хүртэл манай хамтлагийн тоглолтыг үзэхээр хошуурдаг байлаа. Тасалбар хэвлэгдсэн даруйдаа дуусчихна. Авч чадаагүй нь “Тасалбар байна уу, ямар ч хамаагүй үнээр авъя” гэж асууж сураглана. Концертын танхим дүүрч, багтахгүй үлдсэн хүмүүс дайрч орж, ирээд хаалгыг нь хүртэл эвдчихнэ. Тухайн үед “Яана аа, хэдэн билет яаж зарах вэ” гэсэн ойлголт байдаггүй байлаа. Орон нутагт аялан тоглолт хийх гоё. Нэг сумд тоглоод нөгөө рүү нь явж байхад үзэгчид нь хэдийн цуглаад хүлээж суудаг сан. Намайг танихгүй хүн хүртэл “Сайн байна уу, дууг тань сонсдог шүү. Амжилт хүсье” гэж мэндлээд гар барина. Олны танил байх сайхан ч хааяа хэцүү санагддаг. Уран бүтээлч хүн алдар нэр, амжилт бүтээл, олны хайр хүндлэл, итгэл найдварыг алдахгүй, тэнцүүлж явна гэдэг ухаан байдаг. Урлагийн бидний амьдардаг, хөгждөг, хөглөгддөг орон зай бол ард түмэн юм. Надад олонтой ойр байх тусам уран бүтээлийн шинэ санаа төрдөг. Үзэгч, сонсогчгүй бол би хэн ч биш шүү дээ. Хэрвээ урлаг хэцүү гээд шантарсан бол олон жил дуулахгүй байлаа. Он жил, цаг хугацаа бол дуучин хүнийг өрсөлдөөн дунд үлдэх, эсэхийг сорьдог бас нэг томоохон шалгуур гэж боддог.
-Тоглолтын товлосон хугацаа дөхсөн болохоор амрах завгүй байна уу?
-Өглөө эрт гарч, орой гэрийн бараа хардаг. Хүмүүст уран бүтээлээ хэрхэн аятайхан хүргэх вэ гэж бодох тусам цаг хугацаа хурдан өнгөрч, өдөр хоногтой уралдаж байна. Хамтарч ажиллах уран бүтээлчдээс гадна тайз засалт, өмсөх хувцас, тоглолтын зохиомж ямар байх вэ гээд олон зүйлийг бодож, төлөвлөсөн. Тоглолтдоо зориулж 5-6 төрлийн хувцас хийлгэдэг тул сүүлдээ ч тоогоо алдсан. Нэг хувцсаа олон өмсдөггүй болохоор дахиад шинээр урлуулах гэх зэргээр нэлээд мөнгө зарцуулдаг. Нэг мэдсэн хоёр өрөө дүүрэн хувцастай болчихсон байна. Энэ удаагийн “Хавар хайр” тоглолтод өмсөхөөр хэдэн ээлжийн хувцас бас захиалж хийлгэлээ. Би тоглолтоо хийхдээ ингэнэ, тайзан дээр дуулахдаа тэгнэ гэж амлах дургүй. Хамгийн гол нь чанартай уран бүтээл туурвиж, үзэгчдийн сэтгэлд хүртэл дуулж, сайхан сэтгэгдэл төрүүлэх л чухал. “Харш” хамтлагийн уран бүтээлийг хит болсон тэр үеийнхээр нь өндөрт өргөж явахгүй бол үзэгчид гомдоно. Зургаан гишүүнээс хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Хүмүүс манай хамтлагийн нэрийг 1988 онд анх сонсоод хар, цагаан харшилдах гэсэн утгаар ойлгодог байсан. Харин бид барилга мэт сүндэрлэх, орд, өргөө, харш гэсэн утгаар өгсөн юм.
-“Уран бүтээлч хүнд баримтлах зарчим гэж бий. Алдар, нэр хүндэд шунаж, бүтээл туурвих ёсгүй юм” гэж нэгэн ахмад уран бүтээлч өгүүлж байсныг саналаа.
-Тийм ээ. Энэ бүхэн цагаа болохоор өөрөө ирдэг зүйл. Хэр үнэ цэнтэй бүтээл хийснийг ард түмэн шүүдэг. Хамгийн үнэнч шүүгч, шүүмжлэгч бол үзэгчид байдаг юм. Хэрэв урам хайрлаж байвал талархаж хүлээж ав, шүүмжилбэл алдаа дутагдлаа өөрөөсөө хай. Хандлагаа өөрчилж, олонтой ойр явах хэрэгтэй гэж боддог. Олноор хүрээлүүлэх сайхан ч, хайр хүндлэлийг нь дааж явах том хариуцлага. Би Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг 2021 онд хүртсэн. Төрийн хүндтэй шагнал хүртэхээр чанартай бүтээл хийх, үг үйлдлээ хянах, улам даруу, төлөв болох үүрэг, хариуцлага дагаад ирдэг юм билээ.
-Олноос шүүмжлэл сонссон удаа цөөнгүй байдаг биз?
-Тоглолт үзэж суугаа үзэгчдээс нэг нь “Зурагтаар гарахдаа өндөр харагддаг. Тэгсэн газрын бэтэг шиг намхан нөхөр байна” гэхэд нөгөө нь “Ааштай, яаруу, адгуу юм билээ” гээд ярина. Гэхдээ би иймэрхүү яриаг нэг их тоодоггүй. Зөв шүүмжлэлийг хүлээж аваад бусдыг нь сонсоогүй мэт өнгөрөөдөг. Хэрэв би зүгээр суусан бол хэний ч анхаарлыг татахгүй, ямар ч магтаал, шүүмжлэл сонсохгүй. Дуучин хүн концертын танхим дүүрсэн олныг харах бус, тайзан дээрээс тэдэнтэй холбогддог энергийг мэдрэх л чухал. Үүнийг уран бүтээлч хүмүүс л мэдэрдэг. Дотоод эрч хүч, энерги, харц, сонсох мэдрэмжээр холбогддог учраас хүмүүсийн сэтгэлд хүрч алга ташиж байгаа юм шүү дээ. Тэгэхээр үзэгч, тайз, энерги гурав холбогдож байж тухайн бүтээл олонд анх хэрхэн хүрсэн шигээ хүрдэг. Монголын эстрад, рок поп урлагийн уран бүтээлчид 2000-аад оны эхээр ӨМӨЗО-ыг зорьж, уран бүтээлээ хэдэн жил толилуулахад үзэгчид нь сэтгэл өндөр хүлээж авсан. Бид амьдралаа залгуулахын тулд энэ мэтчилэн хоёр талд тоглолтоо хийдэг байлаа. Зөвхөн урлаг гэлтгүй аливаа зүйл хөгжлийн тодорхой үе шатыг туулдаг. Зохиолын дуу эрч хүчээ авч, үзэгчдийг хошууруулахад эстрад, рок поп урлаг нэг хэсэг зогсонги байдалд орсон тал бий. Одоо ч гэсэн ӨМӨЗО-ы үзэгчид “Манайд ирж тоглолтоо толилуулаач” гэж санал тавьдаг юм.