АНУ-ын зүүн хойд нутгийг энэ сарын 26-нд “nor’easter” шуурга дайрсны улмаас зарим газарт салхины хурд цагт 90 км-ээс давж, Нью-Йорк, Нью-Жерси мужид онц байдал зарлажээ. Шуурганы улмаас эргийн бүсүүдэд үер бууж, 100 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж цахилгаангүй болсон аж.
АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр шуурга Виржиниагаас Мэн муж хүртэлх нутгаар хүчтэй салхи, аадар бороо, үер дагуулсан байна. Нью-Жерси мужийн хэд хэдэн суурин газарт далайн ус эргээс хальснаас гудамж, орон сууц болон бусад барилга, байгууламж автжээ. Шуурганы улмаас АНУ-ын агаарын тээврийн үйл ажиллагаа доголдож, 445 нислэг цуцлагдаж, 3000 гаруй нь саатжээ. Мөн цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан нийтийг хамарсан арга хэмжээ, спортын тэмцээнүүдийг цуцалсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ удаагийн шуурганы үеэр хүчтэй салхи, их хэмжээний бороо, өндөр давлагаа болон далайн түрлэг давхацсан нь эргийн бүсийн үерийн аюулыг нэмэгдүүлсэн байна. Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани иргэдийг шаардлагагүй бол гадуур зорчихгүй байхыг уриалж, үерт автсан замаар автомашин болон явганаар зорчихгүй байхыг анхааруулсан юм.
Ташрамд дурдахад, “nor’easter” нь халуун орны хар салхи бус, АНУ-ын зүүн хойд эрэгт ихэвчлэн тохиолддог хүчтэй шуурганы төрөл бөгөөд хүчтэй салхи, бороо, цас, өндөр давлагаа, үер дагуулдгаараа онцлог юм.
Э.Сондор